Сон: Би гоолуудаа дэлхийн аваргад хадгалж байгаа

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Шигшээ багууд ч хэдийнэ Америк тивийг зорьж, төвхнөөд амжжээ. Тухайлбал, Ази тивийн тод төлөөлөл Өмнөд Солонгосын шигшээ баг Юта мужийн Херримэн хотод бэлтгэлээ эхлүүлж, уур амьсгал, орчиндоо дасаж байна.

Мэдээж Солонгосын шигшээн нүүр царай нь Сон Хын Мин. Өдгөө 33 настайт түүний хувьд АНУ-ын Мэйжор лигийн Лос Анжелес клубд тоглож байгаа билээ. Түүний хувьд дэлхийн аваргын замналдаа гурван гоол оруулж, Ан Жун Ван, Пак Жи Сун зэрэг домгуудын үзүүлэлттэй тэнцсэн. Одоо ганцхан гоол оруулахад дэлхийн аваргад хамгийн олон гоол оруулсан солонгос тамирчин болно.

Сон: Би гоолуудаа дэлхийн аваргад хадгалж байгаа

Тэрбээр энэ долоо хоногт сэтгүүлчдэд дараах зүйлсийг ярьжээ. Сон “Үнэндээ өөрийнхөө эвдэх боломжтой рекордын талаар сонсохгүй байх боломжгүй. Хүмүүс надад энэ талаар хэлж, фэнүүдийн ч сонирхлыг татаж байгаа байх. Гэхдээ би энэ талаар их бодохгүй ээ. Энэ талаар бодоод байвал яаж багтаа туслах билээ. Багтаа тусалж чадвал гоол өөрөө ирэх биз. Би замналынхаа туршид л ингэж тоглож байгаа. Миний бодол өөрчлөгдөхгүй ээ” гэв.

Сон Хын Мин гоол оруулж чаддаг нэгэн. Тэрбээр Английн Премьер лигийн 2021-2022 оны улирлын “Алтан шаахай”-н эзэн болсон. Мөн Өмнөд Солонгосын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучийн хоёрдугаарт домогт Ча Бум-Куны ард 54 гоолтой бичигддэг.

Соны Америк дахь замнал тийм ч таатай биш байгаа. Тэрбээр лигийн 13 тоглолтод есөн гоолын дамжуулалт өгсөн ч хараахан гоол оруулаагүй л байна. Түүний хувьд Конкакафд л хоёр гоол оруулжээ.

Сон: Би гоолуудаа дэлхийн аваргад хадгалж байгаа

Энэ талаараа Сон “Олон хүн үүнд санаа зовж байгаа. Би ч өөрийгөө сайн тоглохгүй байгаад санаж зовж байна. Бие маань гайхалтай байгаа. Би гоолуудаа дэлхийн аваргад хадгалж байгаа гээд өөр нэг ярилцлагадаа наргиж байсан шүү” гэв.

Өнгөрсөн дэлхийн аваргаар Өмнөд Солонгосын шигшээ баг шөвгийн 16-д шалгарсан ч Бразилд хожигдож, хасагдсан билээ. Харин энэ удаад амжилтаа ахиулахыг хүсч байна. Энэ талаар Сон “Бид нүдээ аниад ч багийнхнаа хаана байгааг мэдэх хэрэгтэй байна. Мэдээж энэ удаад илүү өндөр амжилт гаргаж, өмнөх амжилтаа ахиулмаар байна. Гэхдээ бид ирээдүйг зөгнөж чадахгүй ээ. Бусад багууд ч сайн бэлдэж байгаа. Үр дүнгийн талаар ярихаасаа илүүтэйгээр хүн бүр, өдөр бүр хамгийн сайнаараа хичээх нь чухал байна” гэлээ.

“Дэлхийн аварга бол фестиваль. Хүн бүрт эх орноо төлөөлөх боломж олдохгүй. Би энэ зүгээр л энэ бүхнийг мэдэрмээр байна”

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн