ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 28 /Kazinform/. Английн хөл бөмбөгийн “Кристал Пэлас” баг түүхэндээ анх удаа УЕФА-гийн Конференцийн лигт түрүүллээ.
Германы Лейпциг хотод болсон финалын тоглолтод англичууд Испанийн “Райо Вальекано” багийг 1:0 харьцаагаар буулган авчээ. Тоглолтын цорын ганц гоолыг франц довтлогч Жан-Филипп Матета 51 дэх минутанд оруулсан байна. Тус хоёр баг өмнө нь Европын клубүүдийн тэмцээний финалд шалгарч байгаагүй юм.
Ийнхүү “Кристал Пэлас” баг түүхэндээ анх удаа Европын цомыг хүртлээ. Харин өмнө нь Английн “Вэст Хэм” баг 2023 онд, “Челси” баг 2025 онд Конференцийн лигийн аваргаар тус тус шалгарч байжээ.
Энэ удаагийн ялалт бол “Кристал Пэлас”-ын хувьд ахлах дасгалжуулагч Оливер Гласнерийн удирдлага дор гаргасан 3 дахь том амжилт бөгөөд өмнө нь тус баг Английн цом, Английн Супер цомыг хүртэж байжээ. Австрийн иргэн О.Гласснер улирлын эцсээр ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн байна.
Ташрамд дурдахад, энэ улиралд Английн өөр нэгэн клуб болох “Астон Вилла” түүхэндээ анх удаа УЕФА-гийн Европын лигт түрүүлсэн билээ. Түүнчлэн Лондоны “Арсенал” баг Аваргуудын лигийн финалд үлдээд байгаа бөгөөд хэрвээ арсеналчууд түрүүлбэл нэг улсын багууд Европын гурван цомыг хүртсэн анхны тохиолдол болох юм.
“Кристал Пэлас”-ын амжилтын ачаар ирэх улиралд Английн 9 баг Европын цомын тэмцээнүүдэд оролцох эрхтэй боллоо.