Оросын хууль тогтоогчид Украины дронуудыг буудаж унагаах зөвшөөрлийг банкны ажилтнуудад олгох хуулийн төслийг баталлаа. Тодруулбал, ОХУ даяар банкуудад дрон саатуулах электрон системүүдийг суурилуулах бөгөөд сонгогдсон тусгай ажилтнууд ойртож ирсэн дронуудыг буудаж унагаах юм. Хуулийн төслийн сүүлчийн хэлэлцүүлийг Доод танхим тавдугаар сарын 26-нд баталжээ.
Оросын банкны байгууламжуудыг хамгаалах шаардлагатай гэж тус хуулийн төсөлд заасан байна. ОХУ-ын бүрэлдэхүүнд шинээр нэмэгдсэн газрууд ч үүнд багтана гэж заасан нь Украины эзлэгдсэн бүс нутгуудыг хэлж байгаа аж.
Төхөөрөмж суурилуулах зардлыг банкууд өөрсдөө хариуцана. Оросын хот болгонд банк байгаа тул тэр болгонд төхөөрөмж суурилуулснаар Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн цар хүрээг улам өргөжүүлэх юм.
Хуулийн төслийг өнгөрсөн оны наймдугаар сард анх танилцуулжээ. Доод танхим хэдий хуулийн төслийг баталсан ч одоо Дээд танхимын зөвшөөрөл болон ерөнхийлөгч Владимир Путины зөвшөөрөл шаардлагатай.
ОХУ улам бүр боловсронгуй болж буй алсын тусгалтай дроны халдлагаас өргөн уудам газар нутгаа хамгаалах гэж ихээхэн чармайж байна. Украины талаас дроны халдлагаа эрчимжүүлэхийн хэрээр ОХУ бизнес эрхлэгчдийг хамгаалалтын арга хэмжээнд татан оролцуулахыг эрмэлзэх болжээ. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр төхөөрөмжүүдийг суурилуулах, ажилчдыг сургах гээд зохион байгуулалтын нөр их ажил болно.
Банкны ажилтнууд дроныг буудаж унагаахдаа аюулгүй байдлын албанаас ямар нэг зааварчилгаа хүлээхгүй. Устгах, саатуулах дроны төрөл нь агаар, хуурай зам болон усан доор явагч бүх төрлийнх байна.