“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг болж байна

“Тэрбум мод” сан, Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй STREAM+ төслийн хүрээнд “Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг болж байна

Хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үг хэлэхдээ, “Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 8.71 хувийг ой эзэлж, 18 аймгийн 286 сумын нутгийг хамарч буй нь ойн салбарын үндэсний хэмжээний ач холбогдолтой. Монгол орны ой нь зөвхөн байгалийн баялаг бус усны нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах стратегийн чухал нөөц юм. Үүнээс гадна орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжийг агуулж байна. Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ойн салбарын шинэчлэл, тогтвортой менежмент, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ойн эдийн засгийн эргэлтийг сайжруулах, тогтвортой хөрөнгө оруулалт татах эрх зүйн болон бодлогын орчныг бүрдүүлэх зохицуулалтууд тусгасан. Мөн Ойн салбарт урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалт татахын тулд салбарын онцлогт тохирсон ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, даатгалын механизм, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь салбарын хөгжлийн чухал” гэв.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг болж байна

Харин Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, “Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэлийн тэлэлт нь уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж байна. Монгол Улсад нийт бэлчээрийн 76 хувь доройтож, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэн, газрын гүний цэнгэг усны нөөц буурч байгаа нь нийгэм, эдийн засагт бодит дарамт учруулж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг банк, санхүүгийн салбар анхнаас нь дэмжин ажиллаж ирсэн билээ. Банкны салбарын хамтын санаачилгаар байгуулсан “Тэрбум мод” сангаар дамжуулан өнөөдрийн байдлаар долоон сая гаруй мод тарьж, ургалт 90-ээс дээш хувьтай байна” хэмээн ярилаа.

Энэхүү хэлэлцүүлгээр ойн салбарын жижиг, дунд үйлдвэрүүдийн ногоон санхүүжилтэд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, салбарын онцлогт нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ойн нэмүү өртгийн сүлжээ болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар оролцогчид санал, туршлага солилцож байгаа юм.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг нь ойн салбарын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн боломжийг өргөжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэснээрээ онцлогтой.

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг болж байна

“Ойн салбар ба ногоон санхүүжилт” хэлэлцүүлэг болж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн