Парис хотын нэгэн сургуулийн туслах ажилтан бага насны хүүхдүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаж, өнөөдөр (2026.05.26) шүүхээр орох гэж байна. Энэ хэрэг сүүлийн нэг жилийн хугацаанд Парисын боловсролын системийг донсолгосон томоохон дуулианы нэг болсон юм. Тухайлбал, Парист “animateur” гэж нэрлэгддэг 15 мянга орчим сургуулийн туслах ажилтан ажилладаг. Тэд хүүхдүүдэд багшилдаггүй, зөвхөн өдрийн цайны үеэр болон хичээлийн дараа харж ханддаг байна. Одоогийн байдлаар бараг 100 сургууль, цэцэрлэгийн туслах ажилтнууд хүүхдүүдтэй зүй бус, түрэмгий харьцсан эсвэл бэлгийн шинжтэй үйлдэл гаргасан гэх хэрэгт буруутгагдан, шалгагдаж байгаа аж. Ер нь ойрын саруудад энэ төрлийн хэргийг шийдвэрлэх шүүх хурлууд болох төлөвтэй байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд цагдаа нар Парисын гурван сургуульд нэгжлэг хийж, 16 хүнийг баривчилсан.
Үүнээс гурван хүнд хүүхдүүдтэй зүй бус бэлгийн шинжтэй харьцсан хэрэгт ял тулгажээ.
Харин өнөөдөр болох шүүх хурал нь 11-р хорооллын Альфонс Баудины нэрэмжит бага сургуульд болсон хэрэгтэй холбоотой юм. Тус сургуулийн ажилтан таван хүүхдэд зүй бусаар биед нь хүрсэн гэж буруутгагдаж байгаа аж. Нэхэмжлэл гаргасан аав хэвлэлд хэлэхдээ, бусад эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэний дараа санаа зовж эхэлсэн тухайгаа ярьжээ. Тэрбээр хэлэхдээ, “Охин минь дөрвөн настай. Эхнэр минь охиноос хичээлийн дараа хэн нэгэн түүнд хүрсэн үү гэж асуусан. Гэтэл охин минь ‘Тиймээ. Дэвид надад хүрч, тэвэрсэн’ гэж хариулсан байсан. Дараа нь эхнэр минь яаж хүрч, тэвэрсэн гэж асуухад охин минь эвгүй байдлаар хүрч байсныг үзүүлсэн. Тэр үед бид энэ хэргийг зүгээр өнгөрүүлж болохгүйг мэдсэн” гэжээ.Энэ хэрэг Парис байтугай Франц даяарх эцэг эхчүүдийн дургүйцэл, айдсыг өдөөгөөд байна. Зарим хүмүүс мөн хотын захиргааг туслахуудын хэрэгт нухацтай хандахгүй байна гэж буруутгаж байна. Хичээлийн дараах “SOS-Périscolaire” холбооны мэдээлснээр, гол асуудал нь туслах ажилтнуудын чанар муу байгаа явдал гэв. Тус байгууллагын үзэж буйгаар туслах ажилтан бага цалинтай, маш энгийн сургалтыг дүүргээд л гэрчилгээ авсан байдаг. Зарим тохиолдолд ажилтан яаралтай хэрэгтэй байсан тул хангалттай мэргэшээгүй хүмүүсийг хүртэл ажилд авдаг байна. Мөн зарим албаныхан бага цалин, сул сургалт, хяналт муу байгаа нь асуудал хяналтаас гарах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэж байна.
Энэ төрлийн хэрэг гарах нь олширч байгаа тул Парисын хотын дарга Эммануэль Грегуар шинэчлэл хийхээ амлажээ.
Тодруулбал, хотын захиргаанаас туслахуудын сургалт болон хяналтыг сайжруулахад 20 сая евро зарцуулахаар төлөвлөжээ. Мөн гомдол гарсан тохиолдолд туслах ажилтнуудыг шууд түдгэлзүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ оны эхнээс хойш бараг 80 ажилтан түдгэлзээд байна. Гэсэн ч олон туслах ажилтан энэ дуулианы улмаас бүгдийг нь сэжиглэн, буруутгаж болохгүй үзэж байна. Тэд саяхан илүү сайн дэмжлэг, хүлээн зөвшөөрөлт, хөрөнгө оруулалт шаардан ажил хаялт хүртэл хийж байжээ. Идэвхтнүүдийн хэлснээр ийм төрлийн асуудал Франц улсын бусад хэсэгт ч гардаг байх өндөр магадлалтай байна.