К.Алькарас анх удаагаа хагас шигшээд шалгарлаа

СИДНЕЙ, 2026 оны нэгдүгээр сарын 28. /ТАСС/. Мельбурн хотод болж буй Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн 8-д Испанийн теннисчин Карлос Алькарас зохион байгуулагч орны тамирчин Алекс де Минаурыг хожсоноор хагас шигшээд шалгарлаа.

Тэмцээний чансааг тэргүүлж буй Алькарас 6-д бичигдсэн Минаурыг 7:5, 6:2, 6:1 харьцаагаар ялсан бөгөөд одоо хагас шигшээд Германы теннисчин Александр Зверевтэй тоглоно.    

Испанийн теннисчин Австралийн нээлттэй тэмцээнд 5 удаа оролцохдоо хоёр удаа шөвгийн 8-д шалгарч, Зверев болон Сербийн Новак Жокович нарт хожигдсоноор цааш тоглох эрхгүй болж байв. Харин энэ онд анх удаагаа хагас шигшээд шалгарлаа.

Өдгөө 22 настай К.Алькарас Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ чансааг тэргүүлж байгаа бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа аваргалжээ. Тухайлбал, Их дуулгын тэмцээнүүдэд 6 удаа буюу АНУ, Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнүүд, Уимблдоны тэмцээнд тус бүр 2 удаа  түрүүлснээс гадна Парис-2024 Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн