Хөлбөмбөгчдийг худалдан авахад 13 тэрбумыг зарцуулжээ

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /РИА Новости/. Өнгөрсөн 2025 онд дэлхийн хөл бөмбөгийн клубүүд тоглогчдыг наймаалцахад 13 тэрбум 80 сая ам.доллар зарцуулсан тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ тайланд дурдсан байна.

Энэ нь 2024 онтой харьцуулахад 52,3 хувиар өссөн үнийн дүн бөгөөд тухайн жилд клубүүд 8,59 тэрбум доллар зарцуулж байжээ. Харин 2023 онд хөлбөмбөгчдийг авахад 9 тэрбум 660 сая доллар зарцуулсан нь дээд үзүүлэлт байв.

Энэ онд нийтдээ хөл бөмбөгийн спортод 24 558 удаагийн шилжилт хөдөлгөөн буюу трансфер бүртгэгдсэн нь 2024 оныхтой харьцуулахад /22 794/ 7,7 хувиар өсжээ.

Олон улсын хэмжээнд хийгдсэн хамгийн том трансфер бол Английн “Ливерпүүл” баг Германы “Байер”-аас Флориан Вирцийг 145 саяар, “Айнтрахт”-аас Юго Экитикег 113 сая доллароор худалдан авсан явдал юм. Өнгөрсөн онд хөлбөмбөгчдийг худалдан авахад хамгийн их мөнгө зарцуулсан 3 клубийн тоонд Английн “Манчестер Сити”, “Ливерпүүл”, “Челси” оржээ.  

Мөн өнгөрсөн онд эрэгтэйчүүдийн хөл бөмбөгт Бразилын клубүүдээс Португалын клубүүдэд 184 тоглогч, эмэгтэйчүүдийн хөл бөмбөгт Оросын клубүүдээс Беларусийн клубүүдэд 36 тоглогч шилжин очсон нь трансферийн дээд үзүүлэлт болж байна.

Эмэгтэйчүүдийн клубүүдээс трансферт зарцуулсан мөнгө 28,6 сая доллар буюу эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахын аргагүй бага байсан хэдий ч өмнөх 2024 оныхоос 80 хувиар өсжээ.    

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн