Хойд Солонгос улс “Милан-Кортина 2026” өвлийн олимпод оролцох эрх авч чадаагүй. Иймд эх орондоо өвлийн спортын наадам зохиож байгааг тус улсын төрийн хэвлэл өнөөдөр /2026.02.05/ мэдээллээ. Спорт наадам хоёрдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Мөсний хоккей, уран гулгалт, цана болон өөр хоёр төрлийн тэмцээний нээлтийн ёслол өчигдөр Рянган мужийн спорт тосгонд болжээ. Нийт таван төрлөөр 50 орчим тамирчин өрсөлдөж буй. Өвлийн олимпод оролцоогүй ч гэлээ дотооддоо ийнхүү тэмцээн зохиох нь өвлийн спортын тамирчдын ур чадварыг илүү өндөр түвшинд ахиулах чухал боломж гэж үзэж байна.
Пэктү уулын дүүрэгт байрлах тус спорт тосгон нь далайн түвшнээс дээш 1600 орчим метр өндөрт байрладаг. Мөсөн гулгуурын талбай, цанын налуу зам зэрэг өвлийн спортод шаардлагатай бүхэн тэнд байдаг учир спорт тосгон гэж нэрлэдэг аж.
Хойд Солонгос улс хамгийн сүүлд 2018 онд Өмнөд Солонгост зохион байгуулсан Пёнчаны өвлийн олимпод оролцсон. Тухайн үед нийт таван төрөлд 22 тамирчнаа илгээж байжээ. Харин Токио хотноо 2021 онд зохион байгуулсан зуны олимпод Covid-19-ийн улмаас оролцож чадаагүй. Улмаар Олон улсын олимпын хорооны шийдвэрээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг ч өнжсөн билээ.