Итали: Олимпыг онилсон Оросын цахим халдлагуудыг саармагжууллаа

Милан Кортина 2026

Милан Кортинагийн өвлийн олимпын нээлтийн өмнөхөн болсон Оросын кибер халдлагуудыг зогсоож чадсан гэж Итали улс мэдэгдлээ. Гадаад хэргийн сайд Антонио Таянигийн хэлснээр, Италийн гадаад дахь Элчин сайдын яамдын цахим хуудас, олимптой холбоотой цахим хуудсууд болон Кортина д’Ампеццо дахь зочид буудлуудын цахим хуудсуудыг онилсон байсан. Нийтдээ 120 орчим цахим хуудас халдлагад өртсөн ч амжилттай саармагжуулсан байна.

Олон улсын Олимпын хорооны төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Халдлагын дараа “Telegram” дээр “Noname057” гэх хаягаас олимпыг онилсон цахим халдлага үйлдсэн гэдгээ баталсан мэдэгдэл гаргажээ. Мөн Италийн Украинд үзүүлж буй дэмжлэгийн хариу арга хэмжээ гэж тайлбарласан бөгөөд цаашид ч халдлагаа үргэлжлүүлнэ гэж анхааруулсан байна. Италийн цахим аюулгүй байдлын мэргэжилтнүүд “Noname057” гэх хаягийн эзэмшигчийг илрүүлж чадаагүй. Гэхдээ уг хаягаас нийтлэгдсэн мэдэгдлүүд нь цахим халдлагын үеэр болсон зүйлстэй таарч байсан. Улмаар Оросыг дэмжигч цахим гэмт хэргийн бүлэглэл ард нь байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, Кортина д’Ампеццо дахь зарим зочид буудлын цахим хуудас халдлагад өртсөн бөгөөд дор хаяж нэг нь тухайн өдрийн үдээс хойш хүртэл ажиллагаагүй болсон.

Итали улс аюулгүй байдлаа чангатгаж, Миланаас Доломитын нуруу хүртэлх олимпын бүсүүдэд 6000 орчим цагдаа, 2000 шахам цэрэг байршуулжээ. Ялангуяа Милан хотод хамгаалалт өндөр байгаа бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс зэрэг дэлхийн удирдагчид Баасан гаригт (2026.02.06) болох нээлтийн ёслолд оролцохоор байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн