“Спортод, амьдралд оройтно гэж байдаггүй”

Улаанбаатар хотноо таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 43 орны 1,300 гаруй тамирчин өрсөлдөж буй энэхүү тэмцээнээс Монголын баг одоогоор хоёр хүрэл медаль хүртжээ. Тэгвэл пүмзэ төрөлд эх орондоо анхны хүрэл медалийг авчирсан С.Янжинлхамтай ярилцлаа.

-Эх орондоо болж буй Азийн аваргаас медаль хүртсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монгол Улсад маань анх удаа Ерөнхийлөгчийн ивээл доор олимпын таеквондогийн Азийн аварга болж байна. Эхний өдөр хамгийн анхны медалийг хүртсэндээ маш их баяртай байна. Миний хувьд таеквондогийн спортоор хичээллээд 15 жил болжээ. Багагүй хугацааг энэ спортод зориулж, ийм том медаль авсандаа баярлаж байна. 

-Дэвжээнд гарахын өмнө өөртөө хэр итгэлтэй байсан бэ? Бэлтгэл сайн байвал сандрал бага байдаг гэдэг. 

-Таеквондогийн пүмзэ төрлийн улсын аварга шалгаруулах болсон учир ерөнхийдөө бэлтгэл сайтай байсан. Яг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азийн аваргын сорил тэмцээн болсон. Монголын пүмзэгийн шигшээ баг дээр солонгос дасгалжуулагч И Жаевон ажилласан. Түүний удирдлага дор бэлтгэлээ хангасан.

Өмнө нь Монголд ийм том тэмцээнд оролцож байгаагүй учир сэтгэл догдолж байсан. Түүнийгээ дагаад илүү хариуцлага мэдрэгдсэн. Өөрийнхөө багш нар, шавь нарынхаа өмнө тэмцээнд оролцох маш сонирхолтой, өөр гоё мэдрэмж авлаа.

"Спортод, амьдралд оройтно гэж байдаггүй"

-Таны энэ спортод холбогдсон түүх рүү эргэн аялцгаая. Энэ хүртэлх аялал хаанаас, хэзээ эхэлсэн бэ? 

-Анх 2009 онд таеквондогийн Арслан клубтээ хичээллэж эхэлсэн. 2013 онд тулааны төрлийн шигшээ багийн анхны тамирчин болсон. Шигшээ багийн бүрэлдэхүүнд 2015 он хүртэл байж байгаад 2016 оноос Арслан клубтээ дасгалжуулагчаар ажиллаж байна. 

Би таеквондогийн спортоор хичээллэхээсээ өмнө спортын дугуйланд явж үзээгүй байсан. Ерөнхийдөө бүрэг хүүхэд байсан л даа. Энэ спортын талаар ямар ч ойлголтгүй явсан. Гэтэл дугуйланд нь явж үзэхэд маш их таалагдсан. Дугуйланд анх очсон өдрөөсөө хойш нэг ч таслаагүй, үнэхээр идэвхтэй хүүхэд байлаа. Манай аав өөрөө у-шугаар хичээллэдэг байсан учир гэр бүл маань маш сайн дэмжсэн. Аав минь хүртэл дэр бариад өшиглүүлдэг байлаа.

-Таеквондод гүн дурласан үе хэзээ вэ? Ямар нэгэн ялалт эсвэл ялагдал таныг илүү их хурцалсан уу?

-Анхны тэмцээн маань өсвөр, залуучуудын улсын аварга байсан. Би таеквондогоор хичээллээд яг гурван сар л болж байсан байх. Тэр тэмцээнд хожигдчихоод шоконд орж байсан. Тэмцээн гэж ийм байдаг юм уу, хожигдох мэдрэмж ийм байдаг юм уу гээд л бодсон. Тэр үед л таеквондогийн спортод дурлаж, илүү хичээхийг хүссэн дээ.

Анх таеквондогийн спорт гэж юу ч мэдэхгүй байх үед найз-эгч маань намайг сунгалт сайтай юм байна гэж хэлж, энэ спортоор хичээллэхийг гуйсан. Тэр эгч маань одоо Дундговь аймгийн таеквондогийн холбооны багшаар ажилладаг. Отгоо эгчдээ маш их баярлалаа. Миний амьдралд таеквондог авчирсан хүн шүү.

"Спортод, амьдралд оройтно гэж байдаггүй"

-Хүүхдүүд багадаа олон төрлийн секц, дугуйлангаар хичээллэж, тал талд өөрийгөө сорьдог. Таны хувьд өөр зүйл туршиж үзсэн үү?

-Урлагт авьяасгүй болохоор өөр зүйл сонирхоогүй дээ. Уг нь манай ээж намайг урлагийн хүн болоосой гээд Янжинлхам гэдэг нэрийг өгсөн юм. Гэвч спортын хүн болчихсон.

Тамирчин хүнд жин хасах эсвэл ялагдах үед шантрах үе бишгүй л тохиолдоно. Гэхдээ хүн өөрийгөө таньж, мэдсэний дараа тэр мэдрэмжийг давах хүчийг спорт л өгдөг юм байна гэдгийг ойлгосон. “Би үүгээр л хамгийн лаг нь байна” гэж бодож эхэлснээс хойш шантрах үеүдийг давж, илүү сайжирсан.

-Анхны олон улсын тэмцээнд оролцсон дурсамжаа хуваалцаач? Нүд тайлж, өөрийгөө хаана явааг илүү мэдэрсэн байх. 

-2010 онд анх “Korea Open” тэмцээнд тулааны төрлөөр оролцож байлаа. Тухайн үедээ анх удаа гадаад явж, анх удаа жин хасаж үзсэн. Олон улсын дэвжээнд гараад маш их сандарч байснаа одоо ч санаж байна. Тэр анхны олон улсын тэмцээнээсээ хүрэл медаль хүртэж байлаа.

2010 онд фэйсбүүк, ухаалаг гар утас нэг их дэлгэрээгүй байсан болохоор гэрийнхэнтэйгээ шууд ярьж чадаагүй. Тэр үед маш их баярлаж байсан. 18 насандаа ганцаараа гэрийнхнээсээ хол, гадаадад тэмцээнд оролцоно гэдэг миний амьдралын маш том нээлт байсан. 

"Спортод, амьдралд оройтно гэж байдаггүй"

-Таны хувьд энэ спортоор хичээллээд багагүй хугацааг үдлээ. Тив, дэлхийн олон ч шилдгүүдтэй өрсөлдлөө. Тэдгээр дундаас мартагдашгүй тэмцээн, тулаан нь аль вэ? 

–Хамгийн дурсамж үлдээсэн тэмцээн бол 2015 оны дэлхийн аварга. Тэр тэмцээнд хоёр ялж, хүрэл медалийн төлөө олимпын аварга, Тайландын тамирчинд ялагдаж, тавдугаар байрт шалгарч байлаа. Тэр л хамгийн том дурсамж юм даа. “Тэрийг л ялчихсан бол медаль авах байлаа” гэх бодолтой, харуусалтай үлдсэн. 

-Дараа үеийн тамирчдаа бэлдье гэж хэзээ шийдсэн бэ? 

-2016 онд бие маань өвдөж, мэргэжлийн тамирчин байхаа больсон. Тэр цагаас л өөрийн сурсан, мэдсэн зүйлсээ дараагийн үедээ зааж өгөхийг хүссэн. Багш нарын минь надад сургаж, би өөрөө биеэрээ мэдэрсэн зүйлсээ нэгтгэн халаагаа бэлдэх ёстой юм байна гэж бодсон. Өөрөөсөө мундаг олон мундаг тамирчин бэлтгэхийг хичээж байна.

Анх багшаар ажиллах үед мэдээж туршлагагүйтнэ. Тийм үед багш нарыг л харж, сурдаг юм байна лээ. Миний хувьд зөндөө олон мундаг багш нартай. Тэд нараасаа сурсан арга барилаа шавь нарт хэрэгжүүлсэн. Манай Арслан клубын захирал, багш С.Ган-Эрдэнэ, шигшээ багийн дасгалжуулагч байсан Хо Ин Ён, Н.Эрдэнэбаатар нар маань бидэнд олон зүйлсийг зааж, маш сайн бэлдсэн. Шавь нартаа зааж байхад “Би нээрээ л ийм байсан учир багш минь надад ингэж хэлж байсан юм байна. Багш минь надад ийм зүйлийг ойлгуулах гэж хичээж байсан юм байна” боддог юм байна лээ.

Шавиа ялаасай гэх хүсэл багш хүнд тэр тамирчнаас илүү байдаг юм байна гэдгийг ойлгосон. Анхны багш нар болон энэ тэмцээнд бэлтгэсэн И Жаевон багшдаа баярлалаа.

GolMedee

-Таны амьдралд таеквондо байгаагүй бол өөр ямар ажил, мэргэжилтэй хүн болох байсан бол? Таны төсөөллөөр аялъя. 

-Би багадаа жүжигчин болъё гэж боддог байсан. Ганц, нэг шүлэг зохиож, өөрөө уншиж тэмцээнд ордог байлаа. Хэрэв таеквондотой холбогдоогүй байсан бол жүжигчин л болох байсан байх. Эсвэл энгийн оффисын ажилтан болох байсан биз.

Гэхдээ би амьдралаа таеквондогүй төсөөлж чадахгүй байна.

-Таеквондогийн талаар манай уншигчид юуг мэдэх ёстой вэ? 

-Би 2009 онд 17 наснаасаа хойш таеквондогоор хичээллэж эхэлсэн. Хүмүүс “Манай хүүхэд 16, 17 настай оройтсон уу” гэж их асуудаг. Спортод, амьдралд оройтно гэж байдаггүй. Хүн өөрөө бүх зүйлээ зориулж чадвал бүх боломж нээлттэй байдаг юм шүү. Миний амьдралыг таеквондогийн спорт гайхамшигтай болгож өгчээ.

"Спортод, амьдралд оройтно гэж байдаггүй"

-Азийн аваргаас медаль авчихлаа. Дараагийн зорилго хаа хүрэх вэ?

-Мэдээж дараагийн том, том зорилгууд зөндөө бий. Энэ оны аравдугаар сард Солонгос улсад пүмзэ төрлийн дэлхийн аварга болно. Тэр тэмцээнд амжилттай оролцохыг хүсэж байна. Мөн шавь нараа бэлтгэж, Ази, дэлхийн аваргаас медаль авахыг нь хармаар байна.

Уг нь тамирчин байхдаа дэлхийн аваргаас медаль авахыг, олимпод оролцохыг хүсдэг байлаа. Гэхдээ миний чадаагүйг чадах хүмүүс зөндөө байгаа учир сайхан байна. Миний мөрөөдлийг биелүүлж өгөх шавь нар минь зөндөө бий. Мөн пүмзэгийн төрлөөрөө би ч дэлхийн аваргаас медаль авах боломж байгаа учир тэр хүртлээ явна.

-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн