РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2026 оны тавдугаар сарын 21. /ТАСС/. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд эцсийн байдлаар багтсан довтлогч Неймар эрүүл мэндийн асуудалтай болсон тухай O Globo сэтгүүлд мэдээлжээ.
Энэ сарын 17-ны өдөр болсон Бразилын АШТ-ий “Коритиба” багтай хийсэн тоглолтын үеэр /0:3/ түүний баруун шилбэний гурвалсан булчин хавагнасан байна.
Өмнө нь тэрбээр гурван удаа ДАШТ-д оролцсон бөгөөд оролцох бүрдээ ямар нэгэн гэмтэл авч байжээ. Тухайлбал 2022 оны тэмцээний хэсгийн шатанд Сербийн шигшээтэй хийсэн тоглолтын үеэр /2:0/ гэмтэл авсан байна. Мөн ОХУ-д болсон 2018 оны ДАШТ-д ирэхдээ баруун хөлнийх нь ул гэмтсэн байсан бөгөөд гурван сарын турш эмчлүүлсний эцэст илаарширсан боловч формондоо орж чадаагүй юм. Түүнчлэн 2014 онд эх орондоо болсон тэмцээний үеэр бүсэлхийн гурав дахь нугалам нь гэмтсэн тул Германы шигшээтэй хийсэн хагас шигшээгийн тоглолтод /1:7/ оролцож чадаагүй байна.
Өдгөө 34 настай Неймар 2023 оноос хойш Бразилын шигшээд тоглоогүй юм. Тэрбээр өмнө нь Олимпын аварга болсны зэрэгцээ Олимпын мөнгөн медаль хүртэж, Конфедерацийн аваргаар шалгарч, Америкийн цомын тэмцээний финалд тоглож байв.
Түүнээс гадна, Бразилын шигшээд тоглох хугацаандаа дээд амжилт тогтоож, 128 тоглолтод 79 гоол оруулжээ.