Их Британи Оросын газрын тосонд тогтоосон зарим хоригоо сулрууллаа

Их Британийн засгийн газар ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлсэн байна. Тодруулбал, Оросын түүний нефтийг бусад улс оронд боловсруулсан тохиолдолд худалдан авах боломжтой болгожээ. Энэхүү шийдвэр тодорхой хугацаагүйгээр хүчинтэй байх болно. Гэхдээ засгийн газраас тогтмол хяналт тавьж байх аж. Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж байгаа тул энэ зун онгоцны түлшний хомсдол үүсэж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас ийм шийдвэр гаргажээ.

Өнгөрсөн жил Их Британи Оросын түүхий нефтиэр боловсруулсан болон гуравдагч оронд үйлдвэрлэсэн нефтийн бүтээгдэхүүний импортыг хориглосон.

Энэ нь Украин дахь дайны улмаас Орост эдийн засгийн дарамт үзүүлэх зорилготой байсан юм. Тухайн үед канцлер Рэйчел Рийвз энэхүү хориг нь Оросын нефть Их Британи болон дэлхийн зах зээлд нэвтрэхээс сэргийлэх, мөн дайныг үргэлжлүүлэх Москвагийн чадварыг сулруулахад шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Шинэ журмын дагуу Оросын түүхий нефтиэр боловсруулсан онгоцны түлшийг дахин Их Британид импортлох боломжтой болсон байна. Харин нефть-химийн бүтээгдэхүүн болон халаалтын түлш зэрэг бусад бүтээгдэхүүний хориг хэвээр үлджээ.

Европын холбоо мөн энэ оны нэгдүгээр сард Оросын нефтиэр боловсруулсан бүтээгдэхүүнд ижил төрлийн хориг тавьсан юм.

АНУ мөн Оросын нефтэд тогтоосон зарим хязгаарлалтаа сулруулж байна. АНУ-ын сангийн сайд Скотт Бессент Даваа гаригт (2026.05.18) Оросын нефтийг далайгаар тээвэрлэн худалдан авахыг зөвшөөрсөн хоригийн чөлөөлөлтийн хугацааг дахин сунгаснаа мэдэгдсэн юм. Энэ шийдвэр нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээврийн чухал зам болох Ормузын хоолойд асуудал үүссэний дараа гарчээ. Тус бүсэд тээвэр саатсанаар түлшний нийлүүлэлт буурч, газрын тосны үнэ өссөн нь Трампын засаг захиргаанд дарамт учруулсан байна. Түлшний үнийг бууруулахын тулд АНУ-ын засгийн газар гуравдугаар сард 30 хоногийн хугацаатай чөлөөлөлт хэрэгжүүлсэн. Ингэснээр Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд Оросын нефтийг далайгаар үргэлжлүүлэн худалдан авах боломжтой болсон юм. Мөн газрын тосны үнэ өссөнөөр Орос ашиг хүртэж байгаа бөгөөд түүний нефть, хийн экспорт илүү өндөр үнэтэй болжээ.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн