Куба: АНУ-ын дайралт цуст мөргөлдөөнд хүргэнэ

Кубын ерөнхийлөгч Мигель Диас-Канел Даваа гаригт /2026.05.18/ “АНУ хэрвээ Кубад халдвал үр дагаврыг нь тооцоолж баршгүй цуст мөргөлдөөний эхлэл болно” гэж анхааруулав. Мөн тэрбээр “Куба улс аль ч улс орныг заналхийлж, түрэмгий төлөвлөгөө боловсруулж байгаагүй. АНУ-ын эсрэг үзэл баримтлал манайд байхгүй, байгаа ч үгүй. АНУ-ын засгийн газар үүнийг сайн мэдэж байгаа. Куба улс АНУ-ын олон талт түрэмгийлэлд хэдийнэ өртчихөөд байна. Бид цэргийн халдлагаас өөрийгөө хамгаалах үнэмлэхүй бөгөөд хууль ёсны эрхтэй. Гэхдээ энэ нь Кубын ард түмний эсрэг дайн тулгах шалтаг болохгүй” гэжээ.

АНУ-ын дарамт дор Кубын эрчим хүчний хямрал газар авч, хоёр улсын харилцаа түүхэн доод түвшиндээ хүрээд буй. Оросын тусламж зогссон тул кубачүүд дахин тэвчих шаардлагатай болсныг тус улсын Эрчим хүчний сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ.

Гэтэл энэ Даваа гаригт АНУ Кубын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарласан нь асуудлыг улам дэвэргээд байна. Шинэ хориг арга хэмжээнд Кубын тагнуулын агентлаг болон Дотоод хэргийн яам өртжээ. Мөн Кубын Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд тэргүүтэй 11 албан тушаалтанд хориг арга хэмжээ авчээ.

Кубачүүдийн хувьд дахин нэг таагүй зүйл тохиолдсон нь ” Hapag-Lloyd” болон “CMA CGM” зэрэг томоохон усан тээврийн компани Трампын засгийн газрын шинэ журмыг дагахын тулд Куба руу болон Кубаас ачаа тээвэрлэхээ зогсоохоор болжээ. Энэ нь арлын хүнсний хомсдолыг улам даамжруулж магадгүй байна. Кубачүүд өмнө нь элсэн чихэр, кофе, тамхиа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан ч өдгөө хөдөө аж ахуй, эдийн засгийн хямралаас шалтгаалаад эдгээр бүтээгдэхүүнээ хүртэл импортоор шийдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн