АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Кубад айлчилж байна

Арлын Куба улс АНУ-ын хоригийн улмаас шатахууны ямар ч нөөцгүй болсон гэдгээ албан ёсоор зарласан. Энэхүү мэдэгдлийн дараа /2026.05.14/ АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Ратклифф Кубад айлчилж, албан тушаалтнуудтай уулзаж байна. Албаны мэдэгдэлд дурдсанаар тэдний уулзалт хоёр улсын харилцааны нарийн төвөгтэй байдлыг шийдэх, улс төрийн яриа хэлэлцээнд хувь нэмэр оруулахад төвлөрчээ.

Эргэн сануулахад, Куба улс дизель түлш болон мазутын нөөцгүй болсон гэх мэдэгдлийг Эрчим хүч, уул уурхайн сайд Висенте де ла О Леви хийсний дараа нийслэл Хавана даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Гэхдээ Эрчим хүч, уул уурхайн сайдын албан мэдэгдлээс ч өмнө арлын нөхцөл байдал хэдийнэ муудаад байсан юм. Тус улсад цахилгаан тасалдал болон нийлүүлэлтийн хомсдол хэвийн үзэгдэл болоод буй.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Кубад 100 сая ам.долларын тусламж үзүүлэх санал өмнө нь тавьж байсан. Тэрбээр энэ саналаа дахин дэвшүүлсэн боловч тусламжийг тухайн улсын засгийн газраар дамжуулахгүй, харин Католик сүмээр дамжуулан тараах ёстой гэсэн нөхцөл болзол тавьжээ. Харин Куба улсын ерөнхийлөгч Мигель Диас-Канел үүнийхээ оронд хоригоо цуцал гэсэн саналыг АНУ-д тавьжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн