Болгар, Герман стратегийн түншлэлээ өргөжүүлэхээ онцлов

Болгарын ерөнхий сайд Румен Радев өчигдөр (2026.05.18) Герман улсын нийслэл Берлин хотноо айлчилж, канцлер Фридрих Мерцтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү айлчлал нь Фридрих Мерц канцлерын албан тушаалд орсноос хойших Болгарын өндөр түвшний анхны айлчлал болж буйгаараа онцлог байв.

Болгарын Сайд нарын танхимаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар айлчлалын гол зорилго нь хоёр улсын стратегийн болон найрамдалт харилцааг улам бэхжүүлэх, мөн Европын холбоо болон НАТО-гийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн эдийн засаг, аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтэц, ложистикийн салбар дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудал хэлэлцээний төвд байсан байна.

Ерөнхий сайд Румен Радев уулзалтын үеэр “Болгар улс Германы хувьд Европын захын жижиг орон биш. Харин Зүүн өмнөд Европ дахь аж үйлдвэр, ложистикийн чухал түнш гэдгийг онцлон харуулах нь хамгийн чухал байна” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Болгар улс Европын нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэж, Германы хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Харин канцлер Фридрих Мерц Болгарын ерөнхий сайдын айлчлалыг өндрөөр үнэлж, хоёр улсын харилцаа Европын тогтвортой байдал болон бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтойг онцолжээ. Тэрбээр Герман улс Болгартай эдийн засаг, батлан хамгаалах болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн талууд Орос-Украины дайн, Европын аюулгүй байдал, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдал зэрэг олон улсын асуудлаар санал солилцсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: BTA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн