Хойд Солонгосын баруун хэсгийн Хойд Пёнган муж дахь “Samgwang” мал аж ахуйн фермийн барилгын ажил дуусчээ. Улмаар удирдагч Ким Жон Ун фермийн үйл ажиллагаатай хоёрдугаар сарын 2-ны өдөр танилцсан байна.
Тус ферм болон нээлтийн арга хэмжээний тухай Хойд Солонгосын төрийн хэвлэл “KCNA” сүр дуулиантайгаар нийтэлжээ. Нийтлэлд дурдсанаар Хойд Пёнган мужийн Унжонд мал аж ахуйн ферм нээгдсэнээр тус бүс нутаг социалист диваажин болжээ. Хөдөөгийн хурдацтай хөгжлийг харуулах нүд нээсэн өөрчлөлт гэж тус фермийг мөн нэрлэсэн байна.
Удирдагч Ким Жон Ун фермийн нээлтэд оролцохдоо гайхалтайгаар социалист диваажин болж хувирсан энэ газарт амьдрахаар ирсэн ард иргэдэд халуун баяр хүргэжээ. Хариуд нь нээлтийн ёслолд оролцогсод ура хашгиран баяр хөөрөө илэрхийлсэн гэж “KCNA”-д мэдээлэв.
Мал аж ахуйн ферм, боловсруулах талбайнууд, үржүүлгийн байрнууд, соёлын байгууламжууд, нарны цахилгаан станц, оффисын барилга, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, эмийн сан зэрэг загварлаг байшингууд нийлээд үлгэрийн тосгон мэт уур амьсгалыг Унжонд бий болгож байгаа аж.

























