“Жиро д’Италиа” уралдааны эхний гараа Болгарт өндөрлөлөө

СОФИ, 2026 оны тавдугаар сарын 11/ТАСС/. Мэргэжлийн дугуйчдын “Жиро д’Италиа” олон өдрийн уралдааны эхний гараа Болгар улсад болж өндөрлөхөд Францын тамирчин Поль Манье эхний ба гурав дахь үе шатуудад түрүүллээ.

Пловдив хотоос нийслэл Софи хүртэлх сүүлчийн 175 км-ийн зайг тэрбээр 4 цаг 9 минут 42 секундэд туулсан бол хоёрдугаарт Италийн дугуйчин Милан, гуравдугаарт Нидерландын Дилан Груневеген нар оржээ. “Уралдааны зайн сүүлчийн метрүүдэд өрсөлдөөн маш ширүүн байлаа, Италид очих үед шинэ шинэ амжилтууд биднийг хүлээж байна” гэж П.Манье хэллээ.

Дугуйчид Болгарын нутгаар уралдахдаа Несебр хотоос Бургас хот хүртэлх 543 км замыг туулсан бол Ром хотноо тавдугаар сарын 31-нд өндөрлөх уралдааны замын урт 3459 км юм.

Дугуйчид Болгарын нийслэлд орж ирэх үед 100 мянга гаруй хүн Цариградын хурдны замаас Софи хотын төв зам хүртэл замын хоёр талаар коридор үүсгэн халуун дотноор угтан авчээ. Уралдааны сүүлчийн шат эхлэхийн өмнө нийслэлд хотод “Софи Giro руу явж байна” гэсэн нэртэй дугуйн уралдаан болсон байна. Хүүхэд залуус, хөгшид буурлуудыг хамарсан энэ уралдаанд Софи хотын дарга Васил Терзиев оролцжээ.

“Жиро д’Италиа” уралдаан Болгарын нутагт явагдах үед соёл урлагийн арга хэмжээнүүд, болгарчуудын ахуй амьдрал, дурсгал газруудтай танилцуулах аялал болсон байна. Дугуйчид дайран өнгөрөх суурин газруудын замын асфальтан хучилтыг бүрэн шинэчилжээ.  

Болгарын Залуучууд, спортын сайд Енчо Керязов хэлэхдээ “ийм өргөн цар хүрээтэй уралдаан тэмцээн нь шилдэг сайн талуудаа харуулах боломжийг манай улсад олгож байна” гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн