МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 10 /РИА Новости/. Туркийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 33 дугаар тойргийн тоглолтод “Галатасарай” баг өөрийн талбайд 4:2 харьцаагаар “Антальяспор” багийг хожсоноор тэмцээн дуусахаас нэг тоглолтын өмнө улсын аваргаар шалгарлаа.
Истанбул хотод болсон тоглолтод талбайн эздээс Марио Лемина /56 дахь минут/, Виктор Осимхен (66 торгуулийн цохилтоор; 88), Каан Айхан (90+5) нар гоол оруулсан бол зочин багийн Сонер Дикмен (45+3, 62) дубль хийсэн байна.
Тэмцээний хүснэгтийг тэргүүлж буй “Галатасарай” баг нийт 77 оноотой болсноор Туркийн АШТ дуусахаас нэг тойргийн өмнө хоёрдугаарт бичигдэж буй “Фенербахче” (73 оноо) багт гүйцэгдэхгүй болжээ. Өмнө нь тус багт тоглож байсан, өдгөө 52 настай Окан Бурук 2022 оноос хойш багаа дасгалжуулж байна.
Ийнхүү “Галатасарай” Суперлигийн аваргаар 4 дэх удаагаа дараалан шалгарлаа. Харин түүхэндээ нийт 26 удаа түрүүлсэн нь дээд амжилт юм. Мөн Туркийн цом /19 удаа/, Туркийн Супер цомд /17/ түрүүлсэн амжилтаараа тэргүүлдэг.
Харин “Фенербахче” баг Суперлигт 19 удаа түрүүлсэн бөгөөд 2014 оноос хойш аваргаар шалгараагүй байгаа юм.