Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн ДАШТ-1954
1954 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Швейцарын Базель (Санкт-Якоб), Берн (Ванкдорф), Женев (Шармиль), Лозанн (Стад Олимпик де ля Понтез), Лугано (Корнаредо), Цюрих (Хардтурм) гэсэн зургаан хотын цэнгэлдэх хүрээлэнд 6 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 4-ний хооронд болж өнгөрчээ.
Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) тухайн үед шигшээ тоглолтод шалгарсан 16 багийг чансаа өндөр (Австри, Англи, Бразил, Унгар, Итали, Турк, Уругвай, Франц), чансаа доогуур (Югослав, Мексик, ХБНГУ, БНСУ, Шотланд, Швейцар, Бельги, Чехословак) гэж ангилаад багуудыг дөрвөн хэсэгт хуваахдаа хэсэг бүрд чансаа өндөр хоёр, чансаа доогуур хоёр баг байхаар тооцжээ. Сонирхолтой нь, нэг хэсэгт багтсан чансаа өндөр багууд хоорондоо тоглохгүй, зөвхөн чансаа доогуур хоёр багтайгаа тоглохоор тогтсон байна. Хэрэв хэсэгтээ 2 ба 3 дугаар байр эзэлсэн багуудын оноо тэнцвэл хэн нь хэсгээсээ гарахаа шийдвэрлэхээр нэмэлт тоглолт хийнэ.
1954 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Берн хотын “Ванкдорф” цэнгэлдэх хүрээлэнд болсон алтан медалийн төлөөх тоглолтод ХБНГУ-ын шигшээ баг домогт Унгарын багийг 3:2-оор буулган авснаар түүхэндээ анх удаа “Алтан дагина” цомыг хүртсэн билээ.
Тэмцээнийг тойрсон сонирхолтой баримтууд:
- Зургаадугаар сарын 27-ны өдөр шөвгийн наймын тоглолтын дараа Бразилын багийн тоглогч Мауро Мауриньо Унгарын довтлогч Шандору Кочиш руу дөхөж очоод нүүр лүү нь цохисоноос үүдэн хөл бөмбөгийн түүхэнд “Бернийн зодоон” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Энэ зодоон нь индрийн доорх хонгилд болсон ба Унгарын тоглогч Дьюла Лорант хонгилын гэрлийг хагалсан учраас харанхуй шахууд нүдэлцсэн гэдэг. Энэ үеэр Унгарын дасгалжуулагч Густав Шебеш хамгийн хүнд бэртэж 4 оёдол тавиулж байжээ. Харин Бразилын хамгаалагч Мауро Мауриньогийн гартаа пүүзээ бариад унгарчууд руу дайрч байгаа зураг тухайн үеийн бүх сонинд хэвлэгдэж байв.
- Унгарын шигшээ баг тухайн үед хамгийн хүчтэй багт тооцогдож байлаа. Тэд хэсгийн тоглолтод ХБНГУ-ын багийг 8:3-аар илт давуу хожсон боловч шигшээ тоглолтод 3:2-оор хожигдсон юм.
1954 оны ДАШТ-ий шилдэг довтлогчоор 11 гоол хийсэн амжилтаар Унгарын хөлбөмбөгчин Шандор Кочиш шалгарчээ.