Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахад анхаарна

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш МАН-ын бүлгийн хуралд танилцуулж, хэлэлцүүлэхтэй холбогдуулан БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, газар, хэлтсийн дарга нар Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар хуулийн төслийн үзэл баримтлал, салбарын хэмжээний эрх зүйн шинэчлэл, орон нутгийн оролцоо, ойн нөхөрлөлийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн зориулалттай мод бэлтгэлийн зохицуулалт, тусгай зөвшөөрөл, хамгаалалтын бүсийн ойн ашиглалт зэргийг хэлэлцэв.

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулахад анхаарна

Хуулийн төсөлд ЗГХА Ойн газар, мэргэжлийн байгууллагууд, D-parliament цахим системд олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэн тусгаж байгааг ажлын хэсгийнхэн танилцууллаа. Түүнчлэн орон нутгийн иргэдийн оролцоог нэмэх, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн зохицуулалтыг тусгаж байгааг БОУАӨЯ мэдээллээ.

Сайд Ц.Сандаг-Очир салбарын хууль эрх зүйн шинэчлэлийг бодит хэрэгцээ, орон нутгийнхны санал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тулгуурлан хийх шаардлагатайг онцолж, хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө талуудын ойлголт, байр суурийг нэгтгэх нь чухлыг тэмдэглэв. Талууд хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулахад хамтран ажиллахаар санал нэгджээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн