УИХ-ын чуулганы баасан гаргийн үдээс хойших хуралдаан 81 хувийн ирцтэй үргэлжилж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим гишүүн үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг дэмжих, зарим бүтээн байгуулалтын төслийн явц, халамжийн бус иргэн төвт төсөвлөлт, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ядуурлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахтай холбоотой эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийн талаар тодруулсан юм. Үүнд Ерөнхий сайд Н.Учрал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ГБХНХ-ын сайд Т.Аубакир хариулав. Эдийн засаг удааширч буй тул хүндрэл, мөчлөгийг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ. Үр дүнд нь эдийн засаг өсөх төсөөлөлтэй байгаа. Жишээ нь, ЭМД-ын тухайд тухайлсан эмийн хөнгөлөлтөд сая, саяар төсөвлөдөг байдлаас татгалзаж, хэрэгцээ, судалгаатай хандаж, ухаалгаар төсөвлөх боломжтойг Н.Учрал сайд тайлбарлаж байв.

Жилийн төсөв, хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх үед сайд нар хуралдаанд бүрэн оролцохыг хуралдаан даргалагч сануулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал асуудлыг шийдэхдээ парламент хариуцлагатай хандаж, гишүүд идэвх зүтгэл гарган ажиллах учиртай гэсэн юм. Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Монгол Улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж, эдийн засгийн, эрх зүй, дүрэм журмын, ногоон хөгжлийн, авлигын эсрэг зэрэг дөрвөн чөлөөлөлтийн бодлого байх ажээ. Товчхондоо бизнес, хувийн хэвшлийг дэмжиж, төрийн оролцоог багасган татвар, төсвийн шинэчлэл хийснээр ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг багасгаж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэхийг салбар бүрээр нарийвчлан төлөвлөсөн байна.
Тухайлбал, Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай дулааны станц, Дулааны V цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж, ГТБҮ байгуулж, Зөөвч-Овоо төслийг эрчимжүүлж, Зэс, ган үйлдвэрлэлийн цогцолборын талбайн бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Экспорт, аялал жуулчлалын чиглэлийн авто замууд, “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хил холболтын төмөр зам барьж, хилийн боомтуудын дэд бүтцийг хөгжүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулгадаа тэмдэглэв.

Мөн Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хамтарсан зураглалыг хийж, экспортыг нэмнэ. “Атар IV” аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлийг дэмжинэ. Зам дагуу аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор байгуулж, Гурвансайхан 4D, Ховд, Мөрөн 4С нисэх буудлын хүчин чадлыг нэмж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Боловсролын чиглэлээр “Цөөн хүүхэдтэй анги“ бодлого баримталж, баг, хотхоны бага сургууль байгуулж, “Нэг багшид нэг AI туслах”-ыг нэвтрүүлж, Хромбүүк угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ хэмээв.
Зүрх, судасны үндэсний төв, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, ХСҮТ-2 зэрэг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, Нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төв байгуулна. Эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэтгэвэр, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмнэ.

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата төв байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг багасгана. Ногоон дэд бүтэц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны хавтан, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмнэ. Хариуцлагын тогтолцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинэчилж, авлига, хүнд суртлаас ангижруулах зэргийг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ.
Үр дүнгийн нөлөөлөл их эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улс засаглалын үзүүлэлтээрээ 2027 онд 7 байр ахиж, дэлхийн мэдлэгийн индексээ 39.2 оноогоор эрэмбэлэгдсэнийг 50 болгож өсгөнө. “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төсөлд 15.3 их наяд төгрөгийн 124 төсөл, 186 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнээс 2.2 их наяд төгрөгийг улсын, 0.2 их наяд төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5.0 их наяд төгрөгийг гадаадын зээл, тусламжаар, 4.5 их наяд төгрөгийг дотоодын, 1.6 их наяд төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их наяд төгрөгийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр, 0.3 их наяд төгрөгийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн хэмээснийг УИХ-ын ХМОНХГ мэдээллээ.