Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гарагт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Н.Номтойбаяр ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлд суурилсан, оюун санааны хөрш Монгол Улс, БНЭУ стратегийн түншлэлийн харилцааг байгуулаад 11 жил болж буйг дурдсан юм. Тэрбээр өнгөрсөн онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70, стратегийн түншлэлийн харилцаа байгуулсны 10 жилийн ойн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-д төрийн айлчлал хийх үеэр айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байсан. Хоёр орны хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулахад бодитой хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлснийг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.

Элчин сайд Атул Малхари Готсурве хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт хөгжүүлэхэд идэвхтэй ажиллахаа тэмдэглээд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, ажилтнуудын тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг эрчимжүүлэхэд анхаарахаа тодотгов.
Талууд Монгол Улсаас БНЭУ руу уул уурхай бүтээгдэхүүн тэр дундаа коксжсон нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломж, онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санал солилцлоо. Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гол үр дүн болж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар ярилцаж, үйлдвэрийг ашиглалтад оруулахад талууд идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ.