Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 9 //. Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах, Монгол Улсын иргэний дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн хүүхэд залуусын суралцах тэгш боломжийг хангах зорилгоор “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг 2021 онд зарласнаас хойш 1000 гаруй оюутан 21 оронд боловсрол эзэмшиж байна. Тэгвэл тус хөтөлбөрийн анхны суралцагчид эх орондоо ирж, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлжээ. Тэдний нэг нь НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн А.Намуунзаяа юм.
-Би 2021 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд МУИС-ийн Нийгмийн ухааны сургуульд элсэн орж суралцсан. Тухайн үед энэ тэтгэлгийн зар хараахан гараагүй байсан. Эхний семистрээ дөнгөж дуусгаад 1-р курстээ сурч байтал нэг өдөр найз маань “чи тэтгэлэгт тэнцсэн байна” гэж хэлсэн. Эхэндээ бага зэрэг гайхасхийгээд өнгөрсөн ч удалгүй уг тэтгэлгийн албан ёсны зар гарч, шалгарсан оюутнуудын нэрс тодорхой болоход л бүрэн итгэсэн дээ. Тэр үед элсэлтийн шалгалтаа өгөөд, ямар тэтгэлгүүд байдгийг ч төдийлөн сайн мэдэхгүй, их сургуульдаа элсэн орчихсон байсан.
Харин энэ тэтгэлгийн зорилго нь Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, хорооноос хүүхдүүдийг хамруулах, ялангуяа улсын сургуулийн сурагчдад боломж олгох явдал байсан юм билээ.

Бид өөрсдөө энэ тэтгэлэгт бүртгүүлээгүй. Харин тухайн жил элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдийн математик болон англи хэлний шалгалтын дүнгийн дунджаар жагсаалт гаргаж, эхний байруудад орсон сурагчдыг шууд шалгаруулсан. Миний хувьд нийслэлийн Баянгол дүүргээс тэнцсэн. Гэхдээ шалгаруулалт нь сургуулиар бус, харьяаллын хороо, дүүргээр явагдсан. Уг нь намар нь сонгон шалгаруулалт явагдах ёстой байсан ч цаг хугацаа давчуу тул бид богино хугацаанд англи хэлний бэлтгэлд хамрагдаж, шалгалтаа өгөөд, дараа нь сургууль сонгох, виз зэрэг дараагийн шатны ажилдаа орцгоож байлаа.
– Гадаадад анх очиход ганцаардалтай нүүр тулах үе бий. Танд тийм үе тулсан уу, ер нь шантрах үе байсан уу?
-Бид түвшингээрээ хуваагдан нэг анги болж, ойролцоогоор гурван сарын хугацаанд англи хэлээ эрчимтэй судалж, IELTS-ийн шалгалт өгсөн. Үүний дараа 2022 оны 10 дугаар сараас Польш Улсын нийслэл Варшав хотод олон улсын харилцааны чиглэлээр суралцсан. Бид оюутны дотуур байранд биш, хамтдаа нэг хауст 12-уулаа амьдардаг байсан. Гадаадад оюутны байр олдоц багатай байдаг тул ийм зохицуулалт хийсэн юм. Миний хувьд тэр үе амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг болсон. Хүмүүс гадаадад очоод ганцаардаж, бэрхшээлтэй тулгардаг гэж ярьдаг ч бид хамт байсан учраас тийм мэдрэмж огт төрөөгүй. Харин ч олон сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн. Мөн Европт байдаг “Эрасмус” оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж, нэг семестр Испанид суралцах боломж олдсон. Энэ удаа ганцаараа байсан тул гадаадад бие даан амьдрах, суралцах мэдрэмжийг бүрэн утгаар нь мэдэрсэн.
Харин гадаадад суралцах хугацаандаа тухайн орондоо дасаж, хайртай болдог юм байна гэдгийг ойлгосон. Олон орноор аялж, сонирхолтой газруудаар явсан ч Польш улс надад хамгийн дотно, бараг л “гэр” шиг минь санагддаг болсон. Тэндэхийн далбаа, мөнгөн тэмдэгт зэргийг харахад хүртэл нэг л ойр дотно мэдрэмж төрдөг.
Мөн Польш дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд мэргэжлийн дадлага хийсэн. Тэр үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал болж, өндөр түвшний уулзалт, үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулдгийг ойроос харж, мэдэрсэн нь үнэтэй туршлага болсон.
-“Илгээлт 2100” хөтөлбөрөөр сурахад санхүүгийн бэрхшээл учирч байв уу. Тэтгэлгээ ямар зохицуулалтаар авч байсан бэ?
-Тэтгэлэг улирал бүр олгогддог бөгөөд бид сурлагын дүнгээ тухайн сургуульдаа гаргуулж, Боловсролын зээлийн санд тогтмол илгээх үүрэгтэй байсан. Хэрэв дүнгийн шаардлага хангахгүй, эсвэл шалгалтдаа унасан тохиолдолд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжгүй. Миний хувьд ийм тохиолдол гараагүй тул тэтгэлэг тасалдсан, санхүүгийн хүндрэл үүссэн асуудал тулгарч байгаагүй. Гэсэн хэдий ч холбогдох байгууллагаас тогтмол хяналт тавьж, дутуу материал байвал сануулж, бүрдүүлэхийг шаарддаг байсан.
-Европын боловсролын системийн хамгийн “шок” санагдсан зүйл юу байв, ер нь Польшоос диплом өвөртөлж ирсэн А.Намуунзаяа, түүнээс өмнөх “А. Намуунзаяа охин” хоёрын хамгийн том ялгаа юу вэ?
-Бид гадаадад суралцах хугацаанд зөвхөн мэдлэг биш, соёл, харилцааны ур чадвар, олон улсын орчинд ажиллах чадвар зэрэг маш чухал зүйлсийг сурч авсан гэж боддог. Миний хувьд Польш улсад суралцах хугацаа хувь хүний маань хөгжилд асар их нөлөө үзүүлсэн. Тэр дундаа хүмүүстэй харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар маань үнэхээр сайжирсан.
Иймээс “Илгээлт 2100” хөтөлбөрийн үр өгөөжийг дурдаад байвал барагдахгүй. Өөрийн биеэр оролцож, туулж ирсэн хүний хувьд би энэ хөтөлбөрийг үр дүнтэй, үнэ цэнтэй, сайн хэрэгжүүлж буй хөтөлбөр гэж итгэлтэйгээр хэлнэ.
Өмнө нь ийм байдлаар, өргөн хүрээг хамарсан, ил тод шалгаруулалттай тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагүй юм. Иймд би өөрийгөө энэ тал дээр азтай гэж боддог.

-Тэгвэл би үнэхээр монгол хүн юм байна гэж гойд их мэдрэгдэх үе байсан уу?
-Гадаадад суралцсаны дараа нэг зүйлийг анзаарсан нь, өмнө нь тийм ч их эх оронч үзэлтэй байгаагүй ч юм шиг, өөр оронд амьдраад ирэхээр эх орноо илүү их хайрладаг болдог юм билээ. Нөгөөтээгүүр, сайхан орчинд амьдарч байгаад Монгол руу буцна гэхэд бага зэрэг эргэлзээ, үлдэх хүсэл төрж байсан нь ч үнэн. Гэвч бид гэрээний дагуу эх орондоо ирж таван жил ажиллах үүрэгтэй. Энэ нь мэдээж тэтгэлгийн үр шимийг бодитоор хэрэгжүүлэх нэг хэлбэр гэдгийг ойлгож байсан. Ялангуяа энэ жилээс эхлэн гадаадад суралцсан оюутнууд олноор төгсөж ирж байгаа. Цаашид ажлын байрны өрсөлдөөн улам нэмэгдэх нь тодорхой. Тиймээс яг зөв цаг үед, хүссэн чиглэлээрээ ажилд орж чадсан нь миний хувьд том боломж болсон.
-Тийм ээ, “Илгээлт 2100” хөтөлбөрт хамрагдсан эхний төгсөгч нарын нэг бол та. Төгсөж ирээд хэрхэн ажилд оров, Монголдоо ажиллах ямар байна вэ?
-Миний хувьд сургуулиа төгсөөд 2025 оны наймдугаар сард Монголд ирж, 10 дугаар сараас НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Сонирхолтой нь, гадаадад суралцаж байхдаа л Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотой ажил хийх хүсэл надад төрж байсан. Тэр үед хотын захиргаа яг ямар байгууллага вэ гэдгийг ч сайн мэдэхгүй, найзуудаасаа асууж байсан удаатай.
Гэтэл сургууль төгсөхийн өмнөх хавар Польш Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд биднийг урьж, ирээдүйн төлөвлөгөөний талаар халуун дулаан яриа өрнүүлсэн. Тэр үеэр би Монголдоо очоод НЗДТГ-т ажилламаар байна гэж хэлж байсан маань одоо ч тод санагддаг. Тэр л хүсэл зорилгынхоо дагуу төгсөж ирээд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтуудаа өгч тэнцсэн.

-“Илгээлт 2100” хөтөлбөрийн “шинэ” эздэд юу захихыг, юу зөвлөхийг хүсэж байна вэ?
– Бид энэ жил шинээр шалгарсан хүүхдүүдтэй уулзаж, тодорхой хэмжээнд менторын зөвлөгөө өгсөн л дөө. Тэр үед мөн л бид зөвхөн гадаадад сурах биш, ирээд эх орондоо ажиллах хариуцлагаа ухамсарлах хэрэгтэйг онцолж хэлсэн.
Анх тэтгэлэгт хамрагдах үед бидэнд “Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин бэлтгэх” зорилготой гэж тодорхой хэлж байсан юм.
Тэр үед бидний 12 хүүхдийн бараг тал нь хөдөө орон нутгаас шалгарсан байсан. Ингэснээр өөр өөр орчин, төлөвшилтэй, олон талт туршлагатай хүүхдүүд нэг дор цугларсан байсан л даа. Нүдэн дээр минь олон хүүхэд өөрийн амьдрал, зорилгоо тодорхой болгож, илүү хариуцлагатай, бие даасан хүмүүс болж төлөвшиж байгааг олж харж байлаа.
-Хойшдынхоо төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?
-Одоогоор мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа учраас их зүйл сурч, туршлага хуримтлуулж байна. Хэрэв ажлынхаа хажуугаар суралцах боломжтой гэж үзвэл магистраа дүүргээд, гэрээний хугацаа дууссаны дараа мэргэжлээ ахиулах зорилгоор дахин гадаадад суралцах бодолтой байгаа. Ажлынхаа явцад хүмүүнлэгийн чиглэл, ялангуяа НҮБ болон хүн амын хөгжил, улс орны хөгжлийн асуудлуудыг сонирхох болсон. Тиймээс цаашдаа зөвхөн төрийн албанд бус, олон улсын байгууллагад ажиллаж, энэ чиглэлээр туршлага хуримтлуулахыг хүсэж байгаа.
