Монгол Улс олон улсын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүллээ

Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ХБНГУ-ын Лайпциг хотноо зохион байгуулсан Олон улсын тээврийн форум ITF-2026-д оролцож, тээврийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Тус форумд 80 гаруй улсын 1200 гаруй төлөөлөгч оролцож, тээврийн дэд бүтцийн санхүүжилт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, ногоон шилжилт, дижитал өөрчлөлт, олон улсын тээврийн коридорын хөгжлийг бодлогын түвшинд хэлэлцжээ.

Монгол Улс олон улсын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүллээ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ХБНГУ, БНХАУ, Азербайжан Улсын тээврийн салбарын сайд дарга, Олон Улсын Авто тээврийн Холбоо IRU, Францын “Alstom” компанийн төлөөлөгчидтэй уулзаж, авто тээвэр, төмөр зам, иргэний нисэх, транзит ложистик, дижитал шилжилт болон дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Энэ үеэр Монгол Улс болон Азербайжан Улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, Улаанбаатар-Баку чиглэлд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бүрдүүлснийг ЗТЯ мэдээлэв.

Мөн Зам, тээврийн яам болон Олон Улсын Автотээврийн Холбоо IRU хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, олон улсын авто тээврийн хамтын ажиллагаа, TIR системийн хөгжил, тээврийн дижитал шилжилт, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа.

БНХАУ-ын Тээврийн дэд сайдтай уулзаж, хил дамнасан тээвэр, авто тээврийн зөвшөөрөл, нислэгийн давтамж, логистикийн тулгамдсан асуудлыг хамтран шийдэх талаар санал солилцсон бол Герман Улстай төмөр зам, авто болон агаарын тээвэр, инженер техникийн боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцэв.

Монгол Улс олон улсын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүллээ

Францын “Alstom” компанийн төлөөлөлтэй уулзаж, төмөр замын автоматжуулалт, дохиоллын систем, хотын нийтийн тээврийн шинэчлэл, дэвшилтэт технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн тухай санал солилцсон байна.

Манай улс энэ форумд оролцсоноор бүс нутгийн транзит тээврийн боломжийг нэмэх, тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэд бүтцийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн