Ираны хамгийн сүүлд дэвшүүлсэн энхийн саналд АНУ хариу өгсөн гэж Тегераны төрийн хэвлэлд мэдээлжээ. Пакистанаар дамжуулан хүргүүлсэн хариуг Ираны тал одоо авч хэлэлцэж байгаа гэж тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. АНУ-ын талаас дэвшүүлсэн есөн зүйлт төлөвлөгөөний хариуд Иран 14 зүйлт төлөвлөгөөг дэвшүүлээд байсан аж.
Гэхдээ Ираны саналд хариу өгсөн гэх АНУ энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Угтаа бол Дональд Трамп Ням гаригт /2026.05.03/ Израилийн “Kan News” хэвлэлд мэдээлэл өгөхдөө Ираны саналыг хүлээж авах боломжгүй гэсэн аж.
Тэрбээр Бямба гаригт Ираны саналыг хүлээж авсан тухайгаа цахим хаягаараа жиргэхдээ “Ираны дөнгөж илгээгээд буй төлөвлөгөөг ойрын хугацаанд авч хэлэлцэнэ. Гэхдээ тэд сүүлийн 47 жилийн хугацаанд хүн төрөлхтөн болон дэлхийд хийсэн зүйлийнхээ төлөө хангалттай төлөөс төлөөгүй байгаа тул тэр саналыг хүлээн зөвшөөрнө гэж төсөөлөгдөхгүй байна” гэжээ.
Ираны дэвшүүлсэн 14 зүйлт төлөвлөгөөнд Ираны хилийн бүсээс АНУ-ын бүх цэргийг гаргах, Ираны боомтуудыг нээх, Ливан дахь Израилийн довтолгоо зэрэг дайсагнасан бүх ажиллагааг зогсоох зэрэг багтжээ. Мөн 30 хоногийн дотор эцсийн хэлэлцээрт хүрэхийг уриалсан байна. Гэхдээ Вашингтоны тавьж буй гол шаардлага болох цөмийн хэлэлцээг энэ үе шатанд хийхгүй гэж Иран онцолжээ.