Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 30 жилийн ойд зориулан “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын форум”-ыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа.
Тус хүрээлэн ЮНЕСКО-гийн Харилцаа холбооны хөгжлийг дэмжих олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн дэмжлэгтэй “Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын үнэлгээ-2026” судалгааг Монголд анх удаа хийсэн байна. Ингэхдээ хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг дөрвөн үндсэн шалгуураар үнэлж, нэгтгэн дүгнэснээ дээрх форумын үеэр танилцуулсны зэрэгцээ судалгааны үр дүнд тулгуурлан салбарын хараат бус, тогтвортой хөгжлийн ирээдүйн талаар харилцан санал солилцов.
Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах, “Энэхүү судалгааг манай хүрээлэн ЮНЕСКО-гийн Харилцаа холбооны хөгжлийг дэмжих олон улсын хөтөлбөр (IPDC)-ийн дэмжлэгтэй хийлээ. Хэвлэл мэдээллийн тогтвортой байдал гэдэг нь хараат бус сэтгүүл зүй урт хугацаанд үндсэн үүргээ биелүүлэх чадавх хэртэй байна вэ гэдгийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал ямар түвшинд байна вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг юм.
Тус судалгаа нь нэгдүгээрт хууль, эрх зүйн орчин, хоёрдугаарт ажлын нөхцөл байдал, гуравдугаарт редакцын агуулгын түвшин, дөрөвдүгээрт хэрэглэгчийн судалгаа гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэж буй. Хууль, эрх зүйн орчны хувьд мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж цаасан дээр байгаа боловч хэрэгжилт сул, зарим төрлийн хамгаалалт дутмаг. Сэтгүүлчдийн ажиллах орчин нөхцөл дээрх шалгууруудаас хамгийн доогуур үнэлэгдсэн. Үүнд, сэтгүүлчдийн цалин урамшуулал хангалтгүй, эдийн засгийн хувьд тогтворгүй, ажлын ачаалал өндөр, эрх зүйн хамгаалалт бүрэн хангагдаагүй гэсэн дүн гарсан. Үүний зэрэгцээ дижитал шилжилттэй холбоотой мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай маш өндөр хэдий ч суралцах цаг, санхүүгийн нөөц хязгаарлагдмал гэж гарлаа.
Хэрэглэгчдийн хувьд идэвхтэй, мэдээллийн их урсгал дунд байгаа ч сонин, радио, телевиз зэрэг уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ авахгүй. Үүний оронд нийгмийн сүлжээнээс зуучлагдсан байдлаар мэдээллээ авч байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага болон хэрэглэгчийн шууд харилцаа алдагдсан, ямар төрлийн мэдээллийг хэн хэрхэн хэр их хүртэх вэ гэдгийг тухайн байгууллага биш, платформ шийдэж байна.
Агуулгын хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд ашигтай чухал сэдвүүдийг хөндөж байна. Редакцууд улс төр, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, иргэдийн эрх ашиг зэрэг маш чухал сэдвүүдэд төвлөрч буй ч сэтгүүлчдийн ажлын ачаалал их, төвлөрч хийх боломж хомс байгаагаас чанартай үр дүн үзүүлж чадахгүй байна.
Нэгтгэсэн байдлаар авч үзвэл, Монголын хэвлэл мэдээллийн салбар маш олон хүчин зүйлээс хамаарч тогтвортой байдлаа алдах өндөр эрсдэл үүссэн байна. Товчдоо бол, Монголын хэвлэл мэдээллийн тогтвортой байдал 100 онооноос 48 буюу тогтолцооны хямралд байна гэсэн дүгнэлт гарсан” гэж ярилаа. Тус форумд хэвлэл мэдээлэл, бодлого шийдвэр гаргагч, иргэний нийгэм, олон улсын байгууллагын 200 орчим төлөөлөл оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Данийн Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилт бүхий “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд 1996 онд анх байгуулагдсан цагаас эхлэн Хэвлэлийн хүрээлэн мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг судлах, ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж иржээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тус хүрээлэн 1322 сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 34358 гаруй хүнийг хамруулж, 274 судалгаа, 142 ном, гарын авлага боловсруулж, шилдэг бүтээлийн 37 уралдаан зохион байгуулсан аж.




