Израилийн армийн Бямба гаригийн /2026.01.31/ цохилтын улмаас Газын зурваст дор хаяж 31 хүн амиа алджээ. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд нэг өдөрт хамгийн олон хүн амиа алдсан тохиолдол болж байна. Мөн 30 хүн шархадсанаас зургаа нь хүүхэд юм.
Газын зурваст гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн ч гэлээ хүмүүс нас барсаар байна. Аравдугаар сард байгуулсан гэрээнээс хойш Газын зурваст амиа алдагсдын тоо 500 хүрчээ.
Газын зурваст халдсаар байгаа шалтгаанаа Израилийн арми Хамас хэлэлцээрийн нөхцлийг зөрчсөнтэй холбоотой гэж тайлбарлаж буй. Тодруулбал, Хамас бүлэглэл Баасан гаригт хэлэлцээрийн нөхцлийг зөрчсөн тул Израиль Бямба гаригт хариуг нь барьсан байна. Баасан гаригт Рафах дахь газар доорх дэд бүтцээс найман террорист гарч явсныг Израиль олж тогтоон, гурван дайчныг нь устгасан аж.
Амиа алдсан иргэний гэр бүлийн хүн хэвлэлд яриа өгөхдөө “Эвлэрэл юу болов оо? Бид ямар буруутай юм бэ? Хүүхдүүд ямар буруутай вэ? Бид юу буруу хийснээ мэдэхгүй” гэжээ.
Дашрамд дурдахад, 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш үргэлжилснэ дайнд 70 мянга орчим палестин хүн амиа алдсаныг Израиль хүлээн зөвшөөрсөн. Үүнд сураггүй болсон хүмүүсийг нэмээгүй байгаа аж. Одоо амиа алдсан хүмүүсийн хэд нь энгийн иргэн, хэд нь цэрэг байсныг тогтоож байгааг Израилийн хэвлэлд мэдээлжээ.