АНУ-ын засгийн газар хэсэгчлэн үйл ажиллагаагаа зогсоов

АНУ-ын холбооны засгийн газар санхүүжилтийн асуудлаар бүрэн тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас хэсэгчлэн үйл ажиллагаагаа зогсоов. Тодруулбал, “Shutdown” гэгдэж буй энэхүү зогсолт нь өнөөдөр (2026.01.23) АНУ-ын зүүн бүсийн цагаар 00:00 цагт албан ёсоор эхэлсэн байна. Үүнээс өмнө АНУ-ын Сенат ихэнх төрийн байгууллагыг есдүгээр сар хүртэл санхүүжүүлэх түр хэлэлцээрийг баталсан. Гэсэн ч уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим одоогоор батлаагүй бөгөөд тус танхим завсарлаад байна.

Хэлэлцээний дагуу Дотоодын аюулгүй байдлын яам (DHS)-ыг ердөө хоёр долоо хоногийн хугацаанд санхүүжүүлэхээр тусгасан байна. Тус яам нь Цагаачлал, гаалийн алба (ICE) зэрэг цагаачлалын байгууллагуудыг хариуцдаг. Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намынхантай тохиролцоонд хүрсэн ч тэд цагаачлалын хяналтын байгууллагуудад нэмэлт санхүүжилт олгохоос татгалзжээ. Энэ нь Миннеаполис хотод холбооны агентууд хоёр америк иргэнийг буудан хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор гарсан эсэргүүцэлтэй холбоотой юм.

Энэ нь сүүлийн нэг жилийн доторх хоёр дахь засгийн газрын зогсолт болж байна. Өмнөх нь 2025 оны аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 14 хүртэл 43 хоног үргэлжилж, тус улсын түүхэн дэх хамгийн урт зогсолт болсон юм. Тухайн үед нислэгийн үйлчилгээ доголдож, хэдэн зуун мянган холбооны ажилтан олон долоо хоногийн турш цалингүй үлдсэн. Харин энэ удаагийн зогсолт урт хугацаанд үргэлжлэх магадлал багатай, учир нь Төлөөлөгчдийн танхим Даваа гаригт дахин хуралдана.

Гэсэн ч Цагаан ордон тээвэр, боловсрол, батлан хамгаалах зэрэг хэд хэдэн яаманд зогсолтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх заавар өгөөд байна. Цагаан ордны мэдэгдэлд, “Ажилтнууд дараагийн ээлжийн ажлын цагаар ирж, зогсолтыг эмх цэгцтэй хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх ёстой. Энэхүү санхүүжилтийн тасалдал богино хугацаанд үргэлжилнэ гэж найдаж байна” гэжээ. Ерөнхийлөгч Трамп Төлөөлөгчдийн танхимд олонхыг бүрдүүлж буй Бүгд Найрамдах намын гишүүдийг Сенатын баталсан хэлэлцээрийг дэмжихийг уриалсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн