Дэлхийн томоохон технологийн компаниудтай шууд харилцаа тогтооно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Нийгмийн сүлжээний зохицуулалт: Өнөөгийн байдал ба цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар зэрэг кибер аюулгүй байдал, хүүхэд хамгаалал, хууль хяналтын чиглэлийн 24 байгууллагын 80 гаруй удирдах албан тушаалтан оролцож, хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн сүлжээний платформуудын хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгээр цахим орчны өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдсан асуудал, интернэт хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсөж, ялангуяа фэйсбүүк платформ нийгмийн харилцааны гол суваг болсныг дурдсан бөгөөд үүнийг дагаад дараах сөрөг үр дагаврууд нэмэгдэж байгааг онцоллоо. Тухайлбал, хүүхдийн эрхийг зөрчсөн контентын тархалт, цахим залилан болон кибер гэмт хэргийн өсөлт, худал мэдээлэл болон бусдын нэр төрд халдах явдал ихэсснийг оролцогчид хөндсөн юм.

Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам хамтран боловсруулж буй нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг танилцуулж, цахим орчны эрх зүйн орчныг олон улсын (Их Британи, БНСУ, Япон, Малайз, Казахстан, Индонез гэх мэт) жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлагатайг хэлэлцэв.

Мөн Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн статистикийг танилцуулж, гадаадын платформ эзэмшигч компаниудтай мэдээлэл солилцоход тулгарч буй хүндрэлүүдийг онцоллоо. Үүнээс гадна цахим орчны зохицуулалт нь зөвхөн нэг байгууллагын ажил биш тул төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэхээр тогтлоо.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид дэлхийн томоохон технологийн компаниудтай (Meta, Google, TikTok зэрэг) шууд харилцаа тогтоох, Монгол Улсад тэдгээрийн суурин төлөөлөгчийг ажиллуулах эрх зүйн боломжийг бүрдүүлэх, салбар хоорондын уялдааг хангах тогтолцооны механизм байгуулах тал дээр нэгдсэн ойлголцолд хүрсэн юм.

Дэлхийн томоохон технологийн компаниудтай шууд харилцаа тогтооно

Дэлхийн томоохон технологийн компаниудтай шууд харилцаа тогтооно

Дэлхийн томоохон технологийн компаниудтай шууд харилцаа тогтооно

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн