Милан Кортина 2026
АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE) ирэх сард Итали улсын Милан–Кортинад болох Өвлийн Олимпын наадмын аюулгүй байдлыг хангахад оролцоно гэж албаны хүмүүс мэдээллээ. “ICE”-ийн мөрдөн шалгах нэгж нь АНУ-ын Төрийн департамент, мөн Италийн эрх баригчидтай хамтран олон улсын гэмт бүлэглэлтэй холбоотой эрсдэлийг шалгаж, урьдчилан сэргийлэхэд тусална. “ICE”-ийн мэдэгдэлд, тэд гадаад улсад цагаачлалын хууль хэрэгжүүлэхгүй, бүх аюулгүй байдлын ажиллагаа Италийн хяналтад байх болно гэжээ.
Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 6-наас 22-ны хооронд болно. Нээлтийн ёслолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцохоор төлөвлөж байна. Эхэндээ Италийн зарим албаныхан “ICE” оролцоно гэдгийг үгүйсгэсэн ч дараа нь тэдний үүрэг хязгаарлагдмал, зөвхөн АНУ-ын төлөөлөгчдийг хамгаалах чиглэлтэй гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий зарим Италийн удирдагчид үүнийг шүүмжилжээ. Милан хотын дарга Жузеппе Сала “ICE”-ийг хотдоо “таатай хүлээж авахгүй” гэж мэдэгдэн, АНУ-ын цагаачлалын бодлогыг шүүмжилсэн байна. Европын парламентын гишүүн Алессандро Зан мөн үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Италийн дотоод хэргийн сайд Маттео Пьянтедози “ICE” нь Италид хууль сахиулах байгууллага хэлбэрээр ажиллахгүй гэж онцолсон юм. Энэхүү шүүмжлэл нь АНУ-д “ICE” байгууллага ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын бодлогын хүрээнд өргөн хүрээнд ажиллаж байгаатай холбоотой ажээ.