Ираны дэглэмийн шинэ дүрэм: Сүүдрээс удирдахуй

Аятолла Али Хаменеигийн үхлийн дараа Иран шинэ дээд удирдагчаараа Можтаба Хаменеиг зарласан. Үүнээс хойш зургаан долоо хоног гаруй хугацаа өнгөрсөн ч Можтаба Хаменеи олны өмнө өөрийн биеэр гарч ирээгүй хэвээр байна. Гагцхүү хэвлэл мэдээллээр л түүний мэдэгдлийг дамжуулсан. Энэ нь хиймэл оюун ухаан ашиглан түүний мэдэгдлийг бэлтгэж байна уу, шинэ дээд удирдагч гадаадад дүрвэсэн үү, бие нь өвдсөн үү гэх элдэв таамаглалыг төрүүлээд буй.

Али Хаменеи амь үрэгдэх үед тухайн цохилтод Можтаба Хаменеи ч өртөж, хөл нь хугарсан, нүүрэндээ бага зэргийн гэмтэл авсан гэж хэвлэлүүд өнгөрсөн сард мэдээлж байв.

Аятолла Али Хаменеигийн хувьд хэдэн 10 жилийн турш Ираны нүүр царай байсан нэгэн. Түүний үед Аятолла Али Хаменеигийн мэдэгдэл, шийдвэр, оролцоогүй нэг ч долоо хоног гэж байгаагүй. Можтаба Хаменеи хурал уулзалтад аудио хэлбэрээр оролцож, томоохон шийдвэр гаргалтуудад оролцож байгаа гэх мэдээлэл бий.

Олон улсын хямралын бүлгийн Ираны төслийн захирал Али Ваез хэлэхдээ “Можтаба хэлэлцээг шууд удирдаж, жижиг сажиг юм бүхэн дээр оролцохгүй ч системийн бүтцийн дагуу эцсийн, том шийдвэрүүд дээр л батламж өгч байгаа. Энэ тогтолцоо нь эрх баригчдыг дотоод шүүмжлэлээс хамгаалах бамбай болж өгдөг. Өөрөөр хэлбэл, Можтабагийн нэрийг улс төрийн хамгаалалт, хариуцлагаас бултах хэрэгсэл болгон ашиглаж байна” гэжээ.

Трамп хоёрдугаар сард “Али Хаменеи амь үрэгдсэн нь Ираны дэглэмд өөрчлөлт авчрах болно. Одоо боломжийн ухаалаг хүмүүс Ираныг төлөөлөн хэлэлцээ хийнэ” гэж мэдэгдэж байв. Гэвч Можтаба Хаменеи гарч ирэхгүй байсаар.

Хамгийн сүүлд Исламабад дахь хэлэлцээг Ираны талаас парламентын дарга Мохаммад Багер Галибаф ахалжээ. Тэрбээр өмнө нь Исламын хувьсгалт гвардын командлагч байсан гэдэг утгаараа дипломатуудтай ч, цэргийнхэнтэй ч арга эвээ олж чаддаг нэгэн болж гарч ирээд байна. Галибафтай хамт Гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон бусад томоохон төлөөлөгч Исламабадад очсон нь дотоод эв нэгдлийг харуулах зорилготой байв. Гаднаас нь харахад тэд дэглэмээ авч үлдэхийг хичээж байгаа ч дотооддоо бол АНУ-тай хэлэлцээ хийхээс болгоомжилсон, дэлхийд дарамт үзүүлэхийг хүссэн байр суурьтай байна.

Энэ мөргөлдөөн эхлэхээс ч өмнө Ирантай хэлэлцээ хийнэ гэдэг амаргүй даваа байсан. Одоо иранчууд улам л төвлөрөл багатай, хатуу байр суурьтай, үзэл суртлын хувьд хөшүүн болцгоосон тул хэлэлцээ хийхэд илүү төвөгтэй болоод буй. Тэд энэ дайнд одоо хүртэл нуран уначихаагүй тэсч үлдээд буйгаа бурхнаас бэлэглэсэн ялалт гэж харж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногийн хэлэлцээ амжилтгүй болсны дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс “Ираны төлөөлөгчид эх орондоо буцсан. Тэд дээд удирдагчаасаа, эсвэл өөр хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагатай болсон” гэж мэдэгджээ.

Өмнө нь дээд удирдагчийн зөвшөөрөлгүй гэрээ хүчингүйд тооцогддог байсан. Харин одоо удирдагч ил тод харагдахгүй байсан ч гэрээ байгуулагдаж магадгүй шинэ үе эхлэх магадлалтай болжээ.

Гэхдээ Можтаба Хаменеи ил гарч ирэхгүй байгаа нь Ираны бусад улстөрчид хоёр сөрөг талтай. Нэгдүгээрт, Трампын хийж буй ил тод мэдэгдлүүд хэлэлцээнд сөргөөр нөлөөлж байна. Хоёрдугаарт, дотоодын хатуу байр суурьтай бүлэглэлүүд АНУ-тай ямар нэг байдлаар хэлэлцээ хийж, зөвшилцөхийг бууж өгсөнтэй адил хэрэг гэж үзэж, эрх баригчдад дарамт шахалт үзүүлж байна. Энэ талаар Германы судалгааны хүрээлэнгийн шинжээч Хамидреза Азизи хэлэхдээ “Үүнийг зохицуулах маш хэцүү. Энэ бол бодит мухардал. Тэд дотоод болон гадаад дарамтуудын хооронд яг л олсон дээр алхаж байгаа мэт тэнцвэрээ олох ёстой болж байна” гэжээ.

Дайны үеийн энэ албан бус зохион байгуулалт нь Ираны зарим албан тушаалтныг илүү өндөр байр сууринд гаргасан ч, яг хэн бодит шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг дээр дэглэмийн хамгийн үнэнч дэмжигчид хүртэл эргэлзэхэд хүржээ.

Тухайлбал, Гадаад хэргийн сайд Аббас Арагчи өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолойг худалдааны хөлөг онгоцуудад нээлттэй гэж мэдэгдсэний дараа дэглэмийг дэмжигчдийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн. Энэ мэдэгдлээрээ Арагчи Трампад ялалтаа зарлах боломжийг өглөө гэж тэд шүүмжилжээ. Ийм төрлийн шийдвэрт удирдлагын зөвшөөрөл шаардагддаг, албан тушаалтнууд тайлбар өгөх ёстой гэсэн шүүмжлэлүүд ч хэвлэлээр гарсан байна.

Үүнээс өмнө ерөнхийлөгч Масуд Пезешкян хөрш орнуудаасаа уучлал хүсч, дахин тэдний эсрэг довтлохгүй гэж мэдэгдсэн нь мөн л шүүмжлэлд өртсөн юм.

Ийм төрлийн хэвлэл мэдээллийн шүүмжлэл нэмэгдсэн нь улстөрчдийн хооронд зөрчил, дотоод тэмцэл байж магадгүй гэсэн хардлагыг улам нэмэгдүүлж байна.

Үндсэндээ Ираны дэглэм одоохондоо аюулаас бүрэн мултраагүй хэвээрээ л байна. Яг одоо амьд үлдэхийн төлөөх тэмцэл тал талд үргэлжилж байна. Ямар ч үед дайн дэгдэж магадгүй. Одоогоор дээд удирдагч Можтаба Хаменеи сүүдэрт байгаа нь бусад туршлагатай улстөрчид боломж олгож байж болох юм. Можтаба өөрөө ил гарч мэдэгдэл хийхгүй, бусад удирдагчийн хэлсэн ярисныг няцаахгүй байгаа нь бүх бурууг түүнд нялзаах боломжтой мэт ойлгуулж байна. Учир нь байхгүй хүнтэй хэн ч маргах аргагүй.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн