Дональд Трамп Ирантай дайныг зогсоох талаар хэлэлцээ хийж байгаа гэж мэдэгдсэн удаатай. Тегераны хувьд ямар ч хэлэлцээ байхгүй гэж Трампын мэдэгдлийг няцаасан юм. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи зуучлагч орнуудын тусламжтайгаар АНУ-тай зурвас солилцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч энэ нь яриа хэлэлцээ эсвэл үүнтэй төстэй зүйл биш байсан гэж тайлбарлажээ. Харин Трамп өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт (2026.03.25) “Ираны засгийн газар ард түмэндээ ялагдана гэж бодож байгаа тул хэлэлцээ хийхийг зөвшөөрөхөөс айж байгаа” гэж мэдэгджээ. Тиймээс хоёр өөр байр суурь, мэдэгдлийн аль нь үнэн болох нь тодорхойгүй хэвээр байна.
АНУ БОЛОН ИЗРАИЛЬ ЮУ ХҮСЧ БАЙНА?
Вашингтон болон Иерусалим цэргийн давуу чадвартаа итгэж, хоёрдугаар сарын 28-нд цохилт өгсөн. Мөн тус хоёр орны удирдагч нар энэ мөргөлдөөн хурдан хугацаанд дуусна гэж найдаж байсан төдийгүй эдийн засаг нь хэдийнэ хүнд байдалд орсон Иран өвдөг сөгдөн Америкийн нөхцөлөөр энх тайвныг шаардах болно гэж тооцоолж байжээ. Гэвч тэдний төсөөлж байсан шиг Иран бууж өгөөгүй хэвээр байна. Харин ч мөргөлдөөн үргэлжлэх тусам Ираны удирдлагууд өөрсдөдөө улам итгэлтэй болж байгаа нь ажиглагдаж байгаа гэж шинжээчид үзэж байна. Улмаар АНУ болон Израиль анх зорьсон зорилгодоо хүрэх эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Үүний зэрэгцээ Израилийн “Channel 12” сувгаар АНУ-ын дэвшүүлсэн нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ил болсон бөгөөд Иранд дараах шаардлагуудыг тавьжээ.
Тухайлбал, Ираныг цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн хөгжүүлэлтээ болон Йемен дэх Хусит, Ливанд дахь Хезболла зэрэг бүлгүүдэд үзүүлэх дэмжлэгээ зогсоох хэрэгтэй гэх нөхцөл тавьж байна.
Харин үүний хариуд АНУ Иранд тавьсан эдийн засгийн хоригоо сулруулж, стратегийн чухал бүс болох Ормузын хоолойд тодорхой хэмжээнд хамтран хяналт тавих эрх олгох болно гэжээ.
Энэхүү нөхцөл нь Ираны цэрэг, бүс нутгийн нөлөөг бууруулах зорилготой. Хариуд нь эдийн засгийн ашигтай байдлыг санал болгохыг зорьж байна. Гэсэн хэдий ч Иран байр сууриа хадгалсаар байгаа тул АНУ болон Израилийн нөхцөл хэрэгжих эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
ИРАНЫ БАЙР СУУРЬ
Иран АНУ-ын нөхцөлийг хэт шаардлага өндөртэй гэж үзээд шууд татгалзсан. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи зарим нөхцөлийг удирдлагын түвшинд хэлэлцэж байгаа ч эцсийн шийдвэр хараахан гараагүй гэж мэдэгджээ. Үүний оронд Иран дайныг зогсоохын тулд өөрийн нөхцөлүүдийг тавьсан байна.
Тодруулбал, АНУ болон түүний холбоотнууд нь дайны хохирлыг төлөх, Ираныг Ормузын хоолойд бүрэн эрхтэй гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөх болон дахин халдахгүй гэсэн баталгаа өгөхийг хүсч байна.
Эдгээр шаардлагуудыг АНУ болон түүний холбоотнуудад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү. Мөн Иран өөрийгөө бүс нутгийн гол хүч болох ёстой гэж үздэг. Энэ нь Исламын хувьсгалаас өмнөх үе шиг “хамгаалагч” үүргийг дахин авах хүсэлтэй холбоотой. Иран АНУ-ын тэнгисийн цэргийн хүч, ялангуяа Бахрейнд байрладаг флотыг бүс нутгаас гарч, өөрсдөө гол цэргийн хүч болохыг хүсэж байна. Түүнчлэн Иран АНУ-д итгэдэггүй гэж мэдэгддэг. Учир нь 2025 он болон 2026 оны эхэнд хийсэн хэлэлцээний дараа АНУ цэргийн ажиллагаа эхлүүлсэн гэж үздэг юм. Харин шүүмжлэгчид Ираныг анхнаасаа хэлэлцээг сунжруулах зорилготой байсан, бодитоор буулт хийх хүсэлгүй байсан гэж буруутгадаг аж.
ПЕРСИЙН БУЛАНГИЙН ОРНУУД ХАДАНД ХАВЧУУЛАГДСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА МЭТ
Персийн булангийн орнууд Ираны засгийн газрыг дэмждэггүй байсан ч дайн эхлэхээс өмнө тэнцвэртэй харилцаа тогтоосон байв. Гэвч одоо тэнцвэр нь хэдийнэ алдагдсан. Тэдний санаа зовж буй шалтгаануудыг дурдвал, АНУ Ираныг сулруулах гэж оролдсон ч засгийн газрыг нь унагаж чадаагүй бөгөөд Тегеран хөрш орнууддаа цохилт өгч байна. Мөн Иран Ормузын хоолойд илүү их хяналт тогтоож, дэлхийн нефтийн зах зээлийн донсолгож байна. Энэ мэт асуудлын улмаас Иран одоо илүү хүчтэй, нөлөөтэй болсон. Ялангуяа дэлхийн эрчим хүчний зах зээлд.
Персийн булангийн орнууд дайн эхлэхийн өмнөх нөхцөл байдалд буцахыг хүсэж байгаа ч энэ нь одоо бараг боломжгүй. АНУ 5,000 явган цэрэг болон нисдэг отрядын цэргүүдийг илгээж буй. Гэхдээ энэ нь зөвхөн Ираныг хэлэлцээнд шахах зорилготой байж болно гэж Персийн булангийн орнууд найдаж байна. Гэхдээ хуурай газрын аливаа ажиллагаа нь АНУ-ын хохирол амсах магадлалыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ америкчуудын дунд эсэргүүцлийг өдөөдөг билээ.