FASHION
“J.Crew” брэнд өнгөрсөн жил хөөсөн чихэр мэт хөвсгөр зөөлөн өнгө аястай ягаан цамцнууд гаргасан. Хамгийн гол нь тэрхүү ягаан цамцнуудыг эрчүүдэд ч бас зориулсан байсан нь маргаан дагуулсан билээ. Цаг үеэ дагаад эрчүүдийн хувцаслалтад эмэгтэйлэг өнгө аяс оруулах нь хэвийн зүйл болсон уу гэвэл үгүй бололтой.
Тухайн үед консерватив нийтлэлч Хуанита Броддрик “Х” хаягаараа “Надаар тоглоод байна уу? Эрчүүд ээ, та нар энэ 168 ам.долларын үнэтэй цамцыг өмсөх юм уу? Эрчүүдийг ингэж эмэгтэйлэг болгохоо боль. ‘J.Crew’-ийнхэн та нар үүнийгээ зогсоо” гэж жиргэсэн. Энэ жиргээтэй олон хүн санал нэг байсан. Асуудлын гол нь 168 ам.доллар гэдэгтээ биш, эрэгтэйлэг байдлыг дарсан гэдэгтээ байв.
Зарим хүн “J.Crew”-ийн загварыг “Golden Girl”-той дүйцүүлжээ. “Golden Girl” нь 1980, 90-ээд онд гарсан АНУ-ын ситком цуврал бөгөөд эмэгтэйлэг, зөөлөн байдлыг энэ үгээр илэрхийлдэг аж.
Эрчүүдийн хувцас загварын хэвшмэл ойлголтыг сүүлийн үеийн Парисын загварын долоо хоногууд ч эвдэх болжээ. Алдартай загвар зохион бүтээгчид өөрсдийнх нь урласан дундаж урттай банзал, шаргал, цайвар ягаан, нил ягаан өнгийн бусад хувцас хэрэгслийг эрчүүд худалдаж авна гэж найдаж байна. Парисын загварын долоо хоногийг харвал эрчүүдийн голчлон өмсдөг төвийг сахьсан өнгөнүүдээс ерөнхийдөө татгалзжээ. Эрчүүдийн сонгодог өнгөнүүд бүх цаг үед зохимжтой, моод яаж ч эргэсэн байр сууриа алдахааргүй байдаг нь үнэн.
Гэсэн ч улаан өнгийг сонгодог биш гэж хэн хэлэх билээ? Улаан өнгө бол сонгодог өнгө гэдгийг Японы загвар зохион бүтээгч Ивай Ауралее, Лос Анжелест ажилладаг загвар зохион бүтээгч Амири нараас эхлээд Францын тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэнд хүртэл нотолж байна.
Брэндүүд дэлгүүрийн лангууг бодвол илүү зоримог, өдөөн хатгасан загваруудыг тайзнаа дэлгэдэг нь мэдээж. Гэсэн ч сүүлийн үеийн шинэ загварууд арай л илүү анхаарал татаад байгаа нь эр хүйстэн илүү давамгай, эмэгтэй хүн илүү уян зөөлөн, ариун гэсэн уламжлалт үзэл санааг сурталчилдаг хүмүүстэй холбоотой аж. Хүйсийн аливаа чиг хандлага, хачин сонин зүйлсийг тэд үгүйсгэж байна.
Үүний зэрэгцээ загвар зохион бүтээгчид амьдралд ойр хувцас зохион бүтээх ёстой юу, эсвэл заавал том сэтгэж, өдөр тутмын хэв маягийг эвдсэн төвөгтэй бүтээл урлах ёстой юу гэсэн асуулт гарч ирж байна.
Ямартай ч хувцас загвар бол хэн бүхэнд хүртээмжтэй зүйл. Зөвхөн тайз гэлтгүй улаан хивсний ёслолууд дээр дүрмийг эвдсэн зоригтой уран бүтээлчид олон бий.
Эрчүүдийн зоримог хувцаслалтын талаар мэргэжлийнхэн юу өгүүлж байна вэ?
“Ami Paris”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд бүтээлч захирал Александр Маттиусси: Жижигхэн өөрчлөлт хийхэд л бүтэн дүр төрхийг өөрчлөх боломжтой. Тэр нь өнгө, зохицол гээд юу ч байж болно. Нэгхэн зүйл өөрчлөөд л бүх зүйл цоо шинэ, өөр, гайхам.
“Amiri”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд бүтээлч захирал Майк Амири: Эрчүүдийн хувцаслалт хэт хичээгээгүй байхдаа л гайхалтай. Харин уран бүтээлч хүмүүс хувцсыг эгэл бус байдлаар өмсвөл надад таалагддаг. “Henley”-ийн цамцны гадуур хүрэм, өндөр өсгийтийн оронд өвлийн гутал гэх мэт. Хувцас тань таныг илүү өргөн утгаар илэрхийлнэ гэсэн үг.
“Dries Van Noten”-ы бүтээлч захирал Жулиан Клауснер: Өөрийгөө шинээр нээх гэдэг санааг би илүү түгээмээр байна. Хэт сүржин, эсвэл романтик байдлаар биш. Таны өмнө байгаа боломжууд, юу ч мэдэлгүйгээр шинэ зүйлийг анх удаа турших тэр мэдрэмж, тухтай бүсээсээ гарч өөрийгөө нээх. Энэ бүхэн бол шинэ эхлэлийн хамгийн сайхан нь.
Тэгвэл тэд энэ оны эрчүүдийн намар өвлийн хувцаслалтыг хэрхэн харж байна вэ?





















































