Их санасан газарт 9 шөнө хоосон хонуулсан хэлэлцээ

Исламын бүгд найрамдах улс 1979 онд байгуулагдсанаас хойших АНУ, Ираны хамгийн өндөр түвшний хэлэлцээ өнгөрсөн Бямба гаригт /2026.04.11/ Пакистаны зуучлалаар Исламабад хотноо болсон. Гэвч дэлхий нийтийн найдлага тавьж байсан хэлэлцээ онцын үр дүнгүй дууссаныг АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс мэдээлсэн билээ.

Марафон хэлэлцээ 21 цаг үргэлжилж, талууд техникийн баримт бичгүүдээ солилцож, нягталж үзэцгээсэн. Тэдний дэвшүүлж буй саналууд агуулгаараа өөр байгаад зогсохгүй хэлэлцээнд хандах хэв маяг нь ч эрс тэс байсныг шинжээчид онцолж байна. Тодруулбал, АНУ харьцангуй хурдан шийдэл хайж байгаа бол Ираны хувьд удаан хөдөлж, урт хугацааны хэлэлцээ хийдгээрээ алдартай.

АНУ хамгийн сайн бөгөөд эцсийн саналаа дэвшүүлсэн гэж Ж.Д.Вэнс мэдэгдсэн. Эндээс үзвэл одоо бөмбөг Ираны талд байгаа бололтой. Харин Иран улс АНУ-ын хэт шаардлагын улмаас хэлэлцээ бүтэлгүйтсэн гэж үзэж буй.

Талууд үг хэл авалцахгүй байгаа хамгийн гол хүчин зүйл бол Ираны цөмийн баяжуулалт. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, зөвхөн цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэхийг хүсч байгаагаа олон 10 жилийн өмнөөс мэдэгдсэн. Гэсэн ч сүүлийн жилүүдэд ураны баяжуулалтаа эрс нэмэгдүүлсэн нь барууны орнуудыг түгшээж, улмаар өнгөрсөн жил Израильтай хийсэн 12 хоногийн мөргөлдөөний шалтгаан болсон. Иран өнөөдөр ч энэ баяжуулалтаасаа татгалзахыг хүсэхгүй байгаа бололтой.

Харин Цагаан ордон Иранаас цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй гэсэн хатуу амлалтыг хүсч буй билээ.

Өдгөө АНУ-ын хэлэлцээчид буцчихлаа. Иран одоо ямар хариу үйлдэл үзүүлэх бол, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр л байх уу гэсэн асуултууд хариултгүй үлдээд байна.

Угтаа бол 14 хоногийн гал зогсоох хэлэлцээ үргэлжилж, Ормузын хоолойг нээсэн ч Исламабадын хэлэлцээнээс үр дүн гараагүй нь байдлыг бүрхэг болгоод байна. Ормузын хоолой одоо дахин нээгдэж, газрын тос болон бусад шаардлагатай ачааг тээвэрлэж эхэлсэн ч гэсэн дайны өмнөх хэвийн байдалдаа ортол удна. Учир нь хоосон хөлөг онгоцууд бараа бүтээгдэхүүний урсгалыг хадгалахын тулд хоолой руу буцаж нэвтрэх шаардлагатай болно. Гал зогсоох хэлэлцээ эрсдэлтэй болсон тул танкерууд болон хөлөг онгоцны эзэд, түүнчлэн тэдний даатгагчид яаран хөдлөхгүй.

“Эмзэг, найдваргүй гал зогсоох хэлэлцээ тээвэрлэгчдэд шаардлагатай итгэлийг өгөхгүй” гэж дэлхийн зах зээлийн шинжээч Лале Аконер хэлжээ.

Түүнчлэн “Тээвэрлэлтийн хэвийн болгохын тулд юун түрүүнд одоо гацсан байгаа хөлөг онгоцуудыг явуулах хэрэгтэй. Гэвч хэн ч хоолойгоор дамжин өнгөрөх бэлтгэлгүй байна. Ормузын хоолойгоор өдөр бүр явдаг 100 гаруй газрын тосны танкерууд 10 буюу түүнээс цөөн болж буурсан” гэж “Kpler” компанийн мэргэжилтэн Мэтт Смит хэлжээ.

Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх шаардлагатай байгаа хөлөг онгоцнуудын ихэнх нь гадагшаа чиглэлтэй байгаа аж. Тодруулбал, Персийн буланд 400 орчим ачаатай хөлөг онгоц гарахаа хүлээж байгаа ч эсрэгээрээ 100 хүрэхгүй хоосон хөлөг онгоц орохоо хүлээж байна.

Хэрэв хоолой өнөөдөр нээгдвэл газрын тосны урсгал хэвийн байдалдаа ороход долдугаар сар хүртэл хугацаа шаардагдах магадлалтай.

Персийн булангийн орнуудын хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн, бордоо, үйлдвэрлэлийн давирхай зэрэг экспортыг тээвэрлэхэд чухал ач холбогдолтой хөлөг онгоцнуудын хувьд ч мөн адил. “S&P Global Market Intelligence”-ийн мэдэгдсэнээр, энэ төрлийн бараа бүтээгдэхүүнтэй 100 орчим хөлөг л гарахаа хүлээж байна. Харин орохоо хүлээж буй онгоц байхгүй байна.

Энэ нь тус бүс нутгаас гардаг дэлхийн бордооны 30 хувь нь шинэ хөлөг онгоц гарч иртэл хэдэн сарын турш гацсаар байх магадлалтай гэсэн үг юм.

Эцэст нь дурдахад, талууд тохиролцоонд хүрээгүй нь АНУ-ын хувьд муу мэдээ байж болох ч Ираны хувьд бүр илүү муу мэдээ гэдгийг Ж.Д.Вэнс анхааруулсан билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч өмнө нь Ираныг чулуун зэвсгийн үе рүү нь буцаана, цахилгаан станцууд, гүүрүүд болон дэд бүтцүүдийг нь хайр найргүй дэлбэлнэ гэж заналхийлсэн. Энэ хэтийдсэн заналхийллээс болж талууд 14 хоног гал зогсоох хэлэлцээнд хүрсэн гэхэд болно. Тэгвэл одоо энэ аюул заналхийлэл дахин сэргэх үү гэсэн асуулт гарч ирж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн