Хятадаас Иранд зэвсэг нийлүүлэх үү?

Хятад улс ойрын хугацаанд Иранд агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлж магадгүй гэж АНУ-ын тагнуулын байгууллагын эх сурвалж мэдээлжээ. Мөн Иран улс гал зогсоох хэлэлцээрийг зэвсгийн алдагдлаа нөхөх боломж болгон ашиглана гэж тагнуулын мэдээнд дурдсан байна.

Дональд Трамп ирэх сард Хятадад айлчлах гэж буй үед энэ бол туйлын эмзэг мэдээлэл юм.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс зэвсгийн гарал үүслийг нуухын тулд ачаа тээвэрлэлтийг гурав дахь орноор дамжуулж магадгүй аж. Хятадаас нийлүүлэхээр зэхэж буй агаарын довтолгооноос хамгаалах систем нь “MANPAD” гэгддэг газар-агаар ангиллын зэвсэг юм.

Трампаас энэ талаар Бямба гаригт асуухад “Хятад ийм зүйл хийвэл том асуудалтай тулгарах болно” гэжээ.

Харин Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “Хятад улс хэзээ ч мөргөлдөөнд оролцогч аль нэг талд талд зэвсэг өгч байгаагүй. Энэ бол худал мэдээлэл. Бид хариуцлагатай улс болохын хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ тууштай биелүүлдэг. Бид АНУ-ын талыг үндэслэлгүй мэдэгдэл хийж, дуулиан үүсгэхээс зайлсхийхийг уриалж байна” гэжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, Хятад улс мөргөлдөөнд илт оролцож, Ираныг хамгаалахыг оролдох нь стратегийн хувьд төдийлөн чухал бус юм. Гэхдээ Хятад улс Ираны газрын тосноос хамааралтай хэвээр байгаа тул дайн дууссаны дараа ч харилцаагаа хадгалахын тулд төвийг сахьсан хэвээр байна.

Дашрамд дурдахад, АНУ, Ираны төлөөлөгчид Пакистаны зуучлалаар Исламабад хотноо хэлэлцээрийн ширээний ард суусан ч тодорхой үр дүнд хүрэлгүйгээр Ж.Д.Вэнс тэргүүтэй төлөөлөгчид нутаг буцсаныг хэвлэлүүд мэдээллээ. АНУ уян хатан хандсан ч Иран цөмийн зэвсгийн талаар ямар ч амлалт өгөөгүй гэж дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн