АНУ, Ираны хэлэлцээ эхлэх гэж байна

АНУ болон Ираны төлөөлөгч нар өнөөдөр (2026.04.11) Пакистаны нийслэл Исламабадад болох хэлэлцээнд бэлтгэж байна. Энэ нь Израиль улс Ираны дэмжлэгтэй шиит бүлэглэл болох Хезболлаг онилсон довтолгоог Ливанд үргэлжлүүлж буй үед өрнөж байна.

Ираны төлөөлөгчдийн дунд гадаад хэргийн сайд Аббас Арагчи болон парламентын дарга Мохаммад Багер Галибаф нар багтаж байна. Хэлэлцээг Галибаф удирдан явуулах төлөвтэй байна. Тэрбээр хэлэлцээ эхлэхээс өмнө хоёр алхам хийх ёстой гэж мэдэгдсэн бөгөөд үүнд Ливанд гал зогсоох, мөн Ираны царцаасан хөрөнгийг суллах асуудал багтаж байна.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс өөрийн улсын төлөөлөгчдийг ахалж байна. Тэрбээр өчигдөр Исламабад руу явахаасаа өмнө “эерэг хэлэлцээ хийхийг хичээнэ” гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр “Хэрэв Ираны тал чин сэтгэлээсээ хэлэлцээ хийхэд бэлэн байвал бид ч мөн нээлттэй хандана. Харин биднийг хуурахыг оролдвол хэлэлцээний баг тийм ч нааштай хандахгүй байх болно” гэж хэлжээ.

Пакистаны армийн ерөнхий командлагч Асим Мунир өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампд хэлэлцээг Исламабад хотод зохион байгуулах санал тавьсан гэх мэдээлэл байна. Түүнийг АНУ болон Ирантай ойр харилцаатай гэж үздэг. Одоо эдгээр хэлэлцээ амжилттай болох эсэхэд олон улсын анхаарал төвлөрөөд байна. Хотын аюулгүй байдлыг чангатгаж, хэлэлцээтэй холбоотой газруудыг хаажээ. Мөн цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгүүд нэмэгдэж, аюулгүй байдлын хүчний эргүүлүүд олширсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн