Бундеслигийн эрэгтэйчүүдийн багийг эмэгтэй хүн дасгалжуулна

БЕРЛИН, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /DW/. Берлин хотын хөл бөмбөгийн “Унион” клубийн удирдлага өнөөдөр ахлах дасгалжуулагч Штеффен Баумгартыг ажлаас нь халж, түүний оронд 34 настай Мари-Луизе Эта гэдэг эмэгтэйг томилжээ.

Ингэснээр Европын топ лигийн дээд дивизионы эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн ажиллахаар боллоо. Өмнө нь Бундеслиг дэх анхны эмэгтэй туслах дасгалжуулагч гэдгээрээ түүхэнд бичигдээд байсан тэрбээр тус багийг улирал дуусах хүртэл дасгалжуулах юм.

Өмнөх дасгалжуулагчийг халах болох шалтгаан нь “Унион” баг улирлын хоёрдугаар хагаст маш муу тоглосонтой холбоотой ажээ. Тухайлбал, өчигдөр тус баг тэмцээний хүснэгтийн сүүлийн байрт бичигдэж буй “Хайденхайм” багт 1:3 харьцаагаар хожигдсон байна. Мөн Зул сарын баяраас хойш ердөө хоёрхон удаа хожсон тул дээд дивизионд үлдэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Шинэ дасгалжуулагч Эта-гийн тухайд, тэрбээр Берлиний “Турбине Потсдам” багт тоглож байхдаа 2010 онд Аваргуудын лигт түрүүлж, Бундеслигийн аваргаар гурван удаа шалгарч байв.

Өмнө нь доод дивизионуудад эрэгтэйчүүдийн багийг эмэгтэйчүүд дасгалжуулж байсан тохиолдол бий. Тухайлбал, Германы Бундеслигийн III дивизионы баг болох “Ингольштадт”-ыг Сабрина Виттман, Францын лигийн II дивизионы “Клермон” багийг Корин Дьяакр нар дасгалжуулж байв.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн