У.Гретцкигийн амжилтад хүрэхэд 10 гоол дутуу байна

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 12. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн “Вашингтон Кэпиталз” баг Питтсбург хотын “Пи-Пи-Жи Пэйнт Арена” ордонд талбайн эзэн “Питтсбург Пингвинз” багийг 6:3 харьцаагаар буулган авлаа.

Вашингтончуудаас Алексей Протас (22 дахь минут), Райан Леонард (27, 32), Том Уилсон (29), Илья Протас (46), Александр Овечкин (57) нар, талбайн эздээс Энтони Манта (23), Ноэль Аччари (32), Кевин Хейз (37) нар гоол оруулжээ. “Питтсбург”-т тоглодог Канадын довтлогч Сидни Кросби, Оросын хоккейчин Евгений Малкин нар гэмтлийн улмаас энэ удаагийн тоглолтод оролцсонгүй.

А.Овечкины хувьд тэрбээр хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 1-нд “Филадельфиа” багийн хаалганд дубль хийснээсээ хойш дөрвөн тоглолт дараалан гоол оруулаагүй байсан юм. Харин энэ удаад “Питтсбург”-ийн хаалганд шайб оруулснаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан түүний гоолын тоо 929 боллоо. Ингэснээр плей-оффын тоглолтуудад оруулсан гоолыг тооцвол нийт 1006 гоол оруулсан бөгөдө эл үзүүлэлтээр Канадын алдарт хоккейчин Уэйн Гретцкиг /1016/ гүйцэхэд 11 гоол дутуу байна.    

Одоогийн байдлаар “Питтсбург” баг Нийслэлийн дивизионы тэмцээний хүснэгтэд 98 оноотойгоор II байр, вашингтончууд 91 оноотойгоор IV байрт бичигдэж байна. Хоёр багийн дараагийн тоглолтууд өнөөдөр Вашингтонд болно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн