Хойд Солонгос улс Беларусьт Элчин сайдаа илгээв

Хойд Солонгос улс Беларусьт Элчин сайдаа илгээснийг Пёньяны төрийн хэвлэлүүд өнөөдөр /2026.04.12/ мэдээлэв. Энэ нь өнгөрсөн сард Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Хойд Солонгост айлчилсны дараа хоёр талын харилцаа гүнзгийрч байгааг илтгэнэ.

Хойд Солонгосын Гадаад эдийн засгийн харилцааны дэд сайд асан Жи Кён Су Баасан гаригт Лукашенкод итгэмжлэх жуух бичгээ гардуулжээ. Ёслолын үеэр Жи Кён Су Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны халуун дотно мэндчилгээг дамжуулсан байна.

Лукашенко өнгөрсөн сарын 25, 26-нд Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийсэн. Энэ үеэр талууд харилцааг бэхжүүлэх, янз бүрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Хойд Солонгос, Беларусь улсууд Оросын дайныг дэмжсэн байр суурьтай байгаа тул өөр хоорондоо ч харилцаагаа гүнзгийрүүлж буйг ажиглагчид онцолж байна.

Дашрамд дурдахад, Беларусь улс наймдугаар сарын 1-ний дотор Хойд Солонгост Элчин сайдын яамаа нээхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн