Лукашенко: Ким Жон Ун огтоосоо ч дарангуйлагч биш

Беларусийн удирдагч Александр Лукашенко Минск хотноо Оросын Приморийн хязгаарын захирагч Олег Кожемякотой уулзах үедээ Хойд Солонгос дахь айлчлалынхаа талаар ярьжээ. Тэрбээр Ким Жон Унтай сайн харилцаатай болсноо онцлоод, түүнийг дарангуйлагч биш гэсэн байна. “Маш ухаалаг! Хамтын ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлдэг ирээдүйтэй залуу. Тэр огтоосоо ч дарангуйлагч биш… Яг үнэндээ тэр дарангуйлагч байх боломж ч үгүй” гэж Лукашенко хэлжээ.

Беларусь, Приморийн хязгаар, Хойд Солонгосын хооронд гурван талт худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Приморийн хязгаар зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж Минск найдаж байгаа аж. Лукашенкогийн хэлснээр Хойд Солонгост болсон уулзалтын үеэр Ким Жон Ун өөрөө Олег Кожемякогийн талаар эерэг байр суурь илэрхийлж, ийм төрлийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжсэн байна.

Лукашенког Хойд Солонгост айлчлах үед их бууны ёслолын буудлага, цэргийн парадаар угтан авсан бөгөөд талууд нөхөрлөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулцгаажээ. Түүнчлэн Лукашенко Кумсусан Нарны ордонд зочилж, Ким Ил Сун, Ким Жон Ил нарын хөшөөнд цэцэг өргөсөн. Эх сурвалжийн хэлснээр энэ үйлдэл нь Украины эсрэг дайнд Оросыг дэмжсэн Хойд Солонгост талархал илэрхийлж буйн илрэл аж.

ЭХ СУРВАЛЖ: NK NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн