МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 12 /РИА Новости/. Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Тайсон Фьюри Оросын боксчин Арсланбек Махмудовыг ялсныхаа дараа эх орон нэгт Энтони Жошуаг тулаанд дуудлаа.
Өчигдөр Лондон хотод хөл бөмбөгийн “Тоттенхэм” клубийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тулаанд Фьюри Оросын тамирчныг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсан байна.
Өөрийг нь тулаанд дуудах үед цэнгэлдэх хүрээлэнд байсан Жошуа хариулахдаа “Тайсон Фьюри, чамтай хамт рингэнд гарахад надад ямар ч асуудал байгаагүй, багадаа би чамайг зодож байсан, дахиад ч зодно. Яахыг надад бүү заа, би эндхийн эзэн нь” гэжээ.
Т.Фьюри Дэлхийн боксын холбоо /WBA/, Дэлхийн боксын байгууллага /WBO/, Олон улсын боксын байгууллага /IBO/, Олон улсын боксын холбоо /IBF/, Дэлхийн боксын зөвлөл /WBC/ гэсэн таван холбооны аваргын бүсийг зүүж байсан нэртэй боксчин юм. Өмнө нь тэрбээр тамирчны замналаа дуусгаж байгаагаа хэдэнтээ мэдэгдэж байсан боловч бокстоо эргэн иржээ. 2017 онд кокаины метаболит гэдэг хориотой бодис хэрэглэсний учир түүний эрхийг хоёр жилээр хассан байна. Өдгөө 37 настай тэрбээр 36 удаа ялалт байгуулж, хоёр удаа ялагдаж, нэг удаа тэнцжээ.
Харин Нигерид байхдаа автомашины осолд орсон Э.Жошуа эмчилгээ хийлгэснийхээ дараа нэгдүгээр сард бэлтгэлдээ гарсан бөгөөд IBF, WBA, WBO, IBO гэсэн дөрвөн холбооны аваргын бүсийг эзэмшиж байсан юм.
Өдгөө 36 настай тэрбээр хамгийн сүүлд 12 дугаар сарын 19-нд блогчин Жэйк Полыг хүнд цохилтоор ялсан билээ.