Я.Синнер “Нарны дубль” хийжээ

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 31. /ТАСС/. Италийн теннисчин Янник Синнер Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ “Мастерс” цуврал тэмцээний финалд Чехийн тамирчин Иржи Легечкаг хожлоо.

АНУ-ын Флорида муж улсын Майами хотод болсон уг тоглолтод Синнер 6:4, 6:4 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авснаар ATP-гийн түүхэнд “Нарны дубль” хийсэн 8 дахь теннисчин болов. “Нарны дубль” гэдэг нь нэг жилийн дотор “Мастерс” цувралын Индиана-Уэллс болон Майамид болдог хоёр тэмцээнд түрүүлэхийг хэлдэг ажээ.

Түүнээс өмнө АНУ-ын теннисчид болох Жим Курье (1991), Майкл Чанг (1992), Пит Сампрас (1994), Андре Агасси (2001) нар, мөн Чилийн Марсело Риос (1998), Швейцарын Рожер Федерер (2005, 2006, 2017), Сербийн Новак Жокович (2011, 2014, 2015, 2016) нар “Нарны дубль” хийж байв.

Өдгөө 24 настай Я.Синнер ATP-гийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд тус холбооны ивээл болдог тэмцээнүүдэд ганцаарчилсан төрлөөр 26 удаа түрүүлээд байна. Харин 24 настай Легечка дэлхийн чансааны 14 дүгээрт бичигдэж байгаа бөгөөд ATP-гийн тэмцээнүүдэд ганцаарчилсан төрлөөр 2 удаа түрүүлжээ. Харин Их дуулгад түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 2023 оны Австралийн Нээлттэй тэмцээн болон 2025 оны АНУ-ын Нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарсан явдал юм.

Хатуу талбайд явагддаг Майамигийн “Мастерс” ангиллын тэмцээн бол Их дуулгын тэмцээн ба АТР-гийн Оны эцсийн дүнгийн тэмцээний дараа ордог нэр хүндтэй тэмцээн юм. 9,4 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний өнгөрсөн улирлын ялагч нь Чехийн теннисчин Якуб Меншик юм.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн