НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31. /championat.com/. Сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн Кенийн марафонч Альберт Корир-ын тэмцээнд оролцох эрхийг 5 жилээр хассан тухай хөнгөн атлетикчдын сахилга батын асуудал эрхэлсэн хараат бус байгууллага болох Athletics Integrity Unit мэдэгдлээ.
Мэдээлэлд дурдсанаар, тэрбээр 2025 оны 10 дугаар сард тэмцээний бус үеэр 3 удаа сэргээшийн шинжилгээ өгөхөд түүний биеэс метоксиполиэтиленгликоль-эпоэтин бета (CERA) гэдэг хориотой бодис илэрсэн байна. Эл зөрчлийнх нь төлөө түүний эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасахаар төлөвлөж байсан боловч шалгалтын явцад хүндрүүлэх нөхцөл байдал буюу нэг бус удаа хэрэглэсэн нь илэрснээр 6 жилээр эрхийг нь хасахаар шийдвэрлэжээ. Харин Корир буруугаа хүлээснээр шийтгэлийг 1 жилээр хөнгөрүүлсэн байна.
Ингэснээр түүний эрхийг 2026 оны нэгдүгээр сарын 8-наас хасаж, 2025 оны 10 дугаар сарын 3-наас хойш үзүүлсэн бүх амжилтыг нь хүчингүй болгожээ.
Өдгөө 32 настай Корир 2021 онд Нью-Йоркийн марафонд түрүүлсэн бөгөөд 2 цаг 8 минут 22 секундийн амжилт үзүүлсэн юм. Түүнээс гадна Канадын Оттавагийн марафонд 2 удаа, Венагийн марафон, Хьюстоны марафонд тус бүр нэг удаа түрүүлжээ.