FASHION
“Vogue” сэтгүүл саяхан өмнөд солонгосчууд үсээ зүгээр нэг угаах биш арьстайгаа ав адилхан авч үзэж, арчилдаг гэдгийг онцолжээ. Гоо сайхны салбарын тэргүүн эгнээнд явдаг солонгосчууд үс, хуйхны гоо сайхан, эрүүл мэндийг нүүрний арьстай яг адилхан анхаарч, арчлах ёстой гэж эртнээс нааш үздэг байв. Тэгвэл энэ чиг хандлага нь сүүлийн жилүүдэд дэлхийн бусад улсад халдварлан, түгэж эхэлжээ. Үүний нэг илрэл бол Өмнөд Солонгосын үс арчилгааны бүтээгдэхүүний экспорт 2025 онд 478 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 15.7 хувиар өссөн явдал.
Зах зээлийн таамаг ч мөн адил эерэг байна. “Grand View Research”-ийн тооцоолсноор, Солонгосын үс арчилгааны бүтээгдэхүүний зах зээл 2024 онд 3.8 тэрбум ам.доллар байсан бол 2030 он гэхэд 6.1 тэрбум ам.долларт хүрч, жилд дунджаар 8.4 хувийн өсөлт үзүүлэх төлөвтэй байна. Дэлхий дахинд эрэлт нэмэгдэж буй энэ цаг үед Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид арвин баян туршлагадаа тулгуурлан боломжийг бүрэн ашиглаж чадах нь дамжиггүй.
Өөрөөр хэлбэл, арьс арчилгааны чиглэлээр хуримтлуулсан нөр их туршлагаа үс арчилгаанд нэвтрүүлж чадвал Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдэд өсөлтийн маш том боломж байна.
Үс арчилгааны чиглэлд идэвхтэй ажиллаж буй компаниудын нэг бол “Amorepacific”. Тус компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард судалгаа, инновацийн нэгж дэх “Daily Beauty” нэртэй хэлтсээ “Hair and Beauty” болгон өөрчилж, үс арчилгааг стратегийн чухал чиглэл болгон тодорхойлжээ. Тэд дэлхийн зах зээлд “Ryo” болон “Mise en Scene” гэсэн хоёр брэндээрээ хүч түрэн гарч ирж байна. “Ryo” брэндийн үр дүнд суурилсан бүтээгдэхүүнүүд Хятадад борлуулалтаа тогтвортой өсгөж байгаа бол “Mise en Scene”-ийн үсний серум өнгөрсөн жил “Amazon”-ы АНУ дахь борлуулалтаараа тэргүүлжээ.
“Grabity”, “Aromatica” зэрэг жижиг брэндүүд ч “Amazon”-оор дамжин дэлхийн хэрэглэгчдэд хүрч, асуудал шийдэх чиглэлийн бүтээгдэхүүнээрээ нэр хүндээ өсгөж байна.
“Жинхэнэ үс арчилгааны технологийг солонгос гоо сайхны сонирхолтой агуулгатай хослуулахад хэрэглэгчид маш сайн хүлээж авдаг” гэж “Dr. Groot” брэндийн төлөөлөгч хэлжээ.
Гоо сайхны зах зээлд үс арчилгаа чухалчлагдах болсон тул брэндүүд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд хөрвөх шаардлагатай болж буй. Энэ хүрээнд “Kolmar Korea” брэнд л гэхэд үс арчилгааны судалгааны ажилтнуудынхаа тоог 40 хувиар нэмэгдүүлж, дэлхий даяарх хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд хурдан хариу өгөх судалгааны дэд бүтцийг бүрдүүлж байна. Компанийн төлөөлөгчийн хэлснээр тус брэнд янз бүрийн уур амьсгал, үндэстэнд тохирсон бүтээгдэхүүн боловсруулсаар байна.
Мөн “Cosmax” брэнд 2023–2025 онд үс арчилгааны бүтээгдэхүүний экспортоо гурван жил дараалан 100 хувиас давуулжээ. Энэ хугацаанд тус брэнд Европ, Ойрхи Дорнод, Австралид зах зээлээ тэлж, Энэтхэг, Орос, Арабын нэгдсэн Эмиратаас захиалга авч эхэлсэн байна.
Газар орны байрлал, улс үндэстний онцлог зэргээс шалтгаалаад дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэгчдийн хэрэгцээ өөр хоорондоо ихээхэн ялгаатай. Тухайлбал, Их Британид үс уналтын эсрэг шампунь, АНУ-д гэмтсэн үс сэргээх бүтээгдэхүүн, Ойрхи Дорнодод хатуу ширүүн уур амьсгалд тохирсон шампунь, Латин Америкт чийгшилтэй тэмцэх тос, сэргээх бүтээгдэхүүн илүү эрэлттэй байна.
Өмнөд Солонгосын гоо сайхны их дэлгүүр “Olive Young”-ийн төлөөлөгчийн хэлснээр сүүлийн гурван жилд үс арчилгааны бүтээгдэхүүнүүд хамгийн хурдан өссөн ангилал болжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд жил бүр 70 хувиас давсан өсөлттэй байсан аж.
Бэлэн бүтээгдэхүүнээс гадна бэлэн бус үйлчилгээ ч чухал болж байна.
“Seoul Tourism Foundation”-ийн мэдээлснээр, 2025 онд Сөүлд ирсэн гадаад жуулчдын 18.5 хувь нь үсээ засуулж, гоо сайхны үйлчилгээ авчээ. Энэ нь 2019 оны 3.6-хан хувиас огцом өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн “Olive Young”-ийн хуйхны оношилгооны үйлчилгээ жуулчдыг ихээхэн татаж байна. Энэ үйлчилгээг жуулчид нийслэл Сөүл хотын “Seongsu-dong” болон “Gangnam” салбаруудаас авах боломжтой байдаг. Нийт үйлчлүүлэгчийн 90 хувь нь гадаадын жуулчид байдаг аж.
Мэдээж солонгос үс арчилгааны салбарын өсөлт аялал жуулчлалын салбарынхны хараанаас ч мултарсангүй.
Тодруулбал, эмнэлгийн үйлчилгээг үс засалттай хослуулсан аяллын багцууд эрэлттэй болжээ. “Hyundai” их дэлгүүр л гэхэд аялал жуулчлалын платформуудтай хамтран “K-Beauty Pass” нэртэй багц гаргаж, гадаад жуулчдад үс засалт, нүүр будалт, зураг авалтыг нэг дор санал болгож байна.
Салбарынхны үзэж буйгаар энэ бүх өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч нь солонгос соёл. Ялангуяа к-поп урсгал. К-поп оддын гялалзсан арьс, үс зэрэг нь хэрэглэгчдийг солонгос гоо сайхны бүтээгдэхүүн рүү хошуурахад хүргэсээр байна. Тэдний арьс, үс гээд ерөнхий төрх дэлхий даяар солонгос гоо сайхны бэлгэдэл болж байна.