Монголчууд, хятадууд, солонгосчууд, Зөвлөлтийн иргэд. Японы Квантуны армийн 731 дүгээр ангийн нууц лабораторид олон үндэстний хүмүүс амьд туршилтын объект болсон.
Хоригдлуудыг халдварт өвчнөөр зориудаар өвчлүүлж, гар хөлийг нь хөлдөөж, бие махбод нь хэрхэн сүйрч байгааг ажиглан, заримыг амьд байхад нь задлан шинжилж байжээ.
Энэ бүхэн нь тусгаарлагдсан хэдхэн хүний дур зоргын үйлдэл бус, биологийн зэвсэг боловсруулах зорилготой Японы цэргийн зохион байгуулалттай хөтөлбөрийн нэг хэсэг байв.
АНУ-ын Үндэсний архивын дайны гэмт хэргийн судалгаанд Пинфан дахь Японы эрдэмтэд хятад, монгол болон орос хоригдлууд дээр туршилт хийсэн нь эргэлзээгүй гэж тэмдэглэсэн байдаг.
Монголчуудыг хөлдөлтийн туршилтад ашиглажээ
Монголчуудтай холбоотой хамгийн тодорхой баримтуудын нэг нь хүйтний туршилт юм.
Хабаровскийн шүүх хурлын материалд орос, манж, хятад болон монгол хүмүүсийг хөлдөлтийн туршилтад ашиглаж байсан тухай гэрчийн мэдүүлэг байдаг.
Туршилтын зорилго нь хүйтэн бүс нутагт байлдаж буй цэрэг хүнд хөлдөлтөд өртөх үед хүний биед яг юу тохиолддогийг судлах явдал байжээ.

Үүний тулд хоригдлуудын мөчийг зориудаар хөлдөөж, цусны эргэлт зогсох, эд эс гэмтэх, үхжих үйл явцыг ажиглаж байсан.
Туршилтын объект болсон хүмүүсийн өвдөлт, эрүүл мэнд, амь нас судалгааны зорилгын өмнө ямар ч үнэ цэнгүй мэт тооцогдож байв.
Үхлийн аюултай нянгаар хүмүүсийг халдварлуулж байв
731 дүгээр ангийн өөр нэг үндсэн чиглэл нь биологийн зэвсэг байлаа.
Тус анги тахал, холер, боом, цусан суулга болон бусад халдварт өвчний үүсгэгчийг судалсан. Ойролцоо чиглэлээр 100 дугаар анги ч ажиллаж байжээ.
Хоригдлуудыг зориудаар халдварлуулж, өвчин хүний биед хэр хугацаанд тархаж, ямар эрхтнийг хэрхэн гэмтээж, эцэст нь үхэлд хүргэж байгааг ажиглаж байжээ.
Анагаах ухааны мэдлэгийг хүнийг аврахын тулд бус, илүү үр дүнтэй биологийн зэвсэг бий болгохын тулд ашигласан юм.

Судалгааны материалд олон мянган хүн 731 дүгээр анги болон Японы биологийн дайны хөтөлбөрийн хүрээнд туршилтын хохирогч болсон тухай тэмдэглэсэн бөгөөд хохирогчдын дунд хятад, солонгос, монгол, Зөвлөлтийн болон бусад орны хүмүүс багтжээ.
Амьд хүний биеийг задлан шинжилж байжээ
731 дүгээр ангийн үйл ажиллагааны хамгийн харгис хэсгийн нэг нь вивисекци буюу амьд хүний биед мэс заслын задлан хийх явдал байв.
Халдвар авсан хоригдлын дотор эрхтэнд өвчин хэрхэн нөлөөлж байгааг шууд харахын тулд зарим хүнийг амьд байхад нь задлан шинжилдэг байжээ.
АНУ-ын Үндэсний архивын судалгаанд Японы эрдэмтэд халдвар авсан хохирогчдыг задлан шинжилж, өвчин хүний биед өдөр бүр хэрхэн тархаж байгааг тэмдэглэн судалдаг байсан тухай дурдсан байна.
Энд хүний амь нас лабораторийн шинжилгээний нэг үзүүлэлт болон хувирч байв.

Зөвлөлтийн иргэдийг 731 дүгээр ангид шилжүүлдэг байжээ
Хабаровскийн шүүхийн материалд Зөвлөлтийн иргэдийн хувь заяатай холбоотой тодорхой мэдүүлгүүд бий.
“Хогоин” хорих газрын ажилтан байсан Иидзима янз бүрийн үед ойролцоогоор 40 Зөвлөлтийн иргэнийг 731 дүгээр ангид илгээсэн бөгөөд тэд бүгд туршилтын үеэр нас барсан тухай мэдүүлжээ.
Японы тусгай алба, жандармерийн гарт орсон хүмүүсийг лабораторийн туршилтын объект болгон шилжүүлэх тогтолцоо ийнхүү ажиллаж байв.
Хятад, солонгос хүмүүс ч олноор хохирсон
Хятадууд 731 дүгээр анги болон Японы биологийн зэвсгийн хөтөлбөрийн хамгийн олон хохирогчтой бүлгүүдийн нэг байв.
Хятадын нутагт биологийн зэвсгийг лабораториос гадна бодит нөхцөлд ашиглаж, халдвартай материал, бохирдсон ус болон тахлын халдвар тараах аргууд хэрэглэж байжээ.
Солонгос хүмүүс ч мөн 731 дүгээр ангийн туршилтын хохирогчдын дунд байсан тухай анагаах ухаан, түүхийн судалгаанд тэмдэглэгдсэн байдаг.
Дайны төгсгөлд ул мөрөө устгажээ
1945 онд Японы ялагдал ойртоход 731 дүгээр ангийн удирдлага үйл ажиллагааныхаа ул мөрийг устгах ажиллагаа явуулсан.
Лабораторийн барилга байгууламжийг нурааж, баримт бичгийг шатааж, туршилтын үлдсэн хоригдлуудыг устгасан тухай АНУ-ын архивын судалгаанд тэмдэглэсэн байдаг.
Гэвч гэрчийн мэдүүлэг, шүүхийн материал, хожим нууцын зэрэглэлээс гарсан архивын баримтууд энэ түүхийг бүрэн арчиж чадсангүй.
Тэдгээр материал өнөөдөр нэг зүйлийг тодорхой харуулж байна. Монголчууд 731 дүгээр ангийн туршилтын хохирогчдын дунд байсан. Тэднийг хүйтэнд хөлдөөж, хүний бие ямар нөхцөлд гэмтэж байгааг судалсан. Хятад, солонгос, Зөвлөлтийн болон бусад хохирогчдын хамт тэд хүний амийг үл тоомсорлосон биологийн дайны хөтөлбөрийн объект болсон.
731 дүгээр ангийн түүх бол зөвхөн өнгөрсөн үеийн нууц лабораторийн тухай түүх биш. Энэ бол шинжлэх ухаан, анагаах ухааныг хүнийг хамгаалах бус, хүний биеийг зэвсгийн туршилтын хэрэгсэл болгон ашигласан үед ямар хэмжээнд харгислалд хүрч болдгийг харуулсан түүх юм.
