Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) болон Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэх “ГЕФФ-Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлт өнөөдөр боллоо.
Шинэ хөтөлбөр нь Монголын ногоон санхүүжилтийн хөгжлийг дотоодын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан үргэлжлүүлэн дэмжиж, тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой чадавх, үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэнэ. Энэхүү ажиллагааны нээлтэд Засгийн газар, Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон түнш байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын ногоон шилжилт, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, өрсөлдөх чадвартай ирээдүйг бий болгох талаар хэлэлцэв.
2020 оноос хэрэгжсэн “ГЕФФ-Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 135 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 330 гаруй төсөл санхүүжиж, жил бүр хоёр сая гигожоуль эрчим хүч хэмнэн, 150 мянган тонн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан байна. “Санхүүгийн системийг ногооруулах хөтөлбөр”-ийг эхлүүлснээр аж ахуйн нэгж болон айл өрхүүдэд шинэлэг ногоон шийдлүүдийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэхүү хөтөлбөрийн Монгол Улс дахь нээлт өнөөдөр албан ёсоор болсон ч хэдийн хэрэгжиж эхэлсэн бөгөөд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 80 сая ам.доллар буюу 287.88 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Хаан” банканд олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ нь нийт 170 сая ам.долларын санхүүжилтийн багцын нэг хэсэг аж. Шинэ хөтөлбөр нь төсөлд суурилсан уламжлалт ногоон зээлээс гадна Монголын санхүүгийн байгууллагуудад уур амьсгалын асуудлыг өөрсдийг стратеги, засаглал, эрсдэлийн удирдлагын салшгүй нэг хэсэг болгоход туслах зорилготой. Ингэснээр ногоон санхүүжилт нь бизнесийн тусдаа чиглэл бус банкны үндсэн үйл ажиллагааны хэсэг болохыг албаныхан тодотголоо.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурийн төлөөлөгч Жахан Шамсиев хэлэхдээ, “Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь үе шат нээлтээ хийж, таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийтдээ 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг ногоон технологи, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад зарцуулна. Ногоон технологи хэрэгжүүлэгч нарт дэмжлэг үзүүлж санхүүжилтийг нь “Хаан”, “Хас”, “Голомт” зэрэг найдвартай түнш байгууллагуудаараа дамжуулан олгох юм. Одоогоор “Хаан” банканд 80 сая ам.долларын санхүүжилт өгөөд байна. Тус банк сонгон шалгаруулалтаар бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилт олгох юм” гэв.
Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Хусейн Озхан, “Энэ жил Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улстай хамтран ажилласны 20 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд энэ өдрүүдэд олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өнөөдрөөс “Санхүүгийн системийг ногооруулах” санаачилгын хоёр дахь үе шатыг эхлүүллээ. Энэхүү санаачилгыг бид анх 2018 онд эхлүүлж байсан. Цаашид түнш байгууллагууд болон арилжааны банкуудаараа дамжуулан энэхүү санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана” хэмээн ярилаа.
“ГЕФФ-Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үеэр санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн харилцагчдын Монгол Улсын эдийн засгийн олон салбарт шинэлэг шийдэл нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад оруулсан хувь нэмрийг үнэлэн ГЕФФ шагнал гардууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 149 төслийг ногоон технологийн платформоор санхүүжүүлжээ.
