, 2026 оны есдүгээр сарын 16Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар“Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай” Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолын төсөл нь нийслэлийн хүн амын 2027 оны хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, улирлын шинжтэй үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор бэлтгэх нөөцийн мах бүрдүүлэх ажлыг тасалдуулахгүй зохион байгуулах зорилготой гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээллээ. 

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.-20.0 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 20 аж ахуйн нэгж нийт 11.6 мянган тонн мах бэлтгэх хүсэлтээ нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байна. 

Тус тогтоолоор нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний 2027 оны хаврын махны
нөөцийг бүрдүүлэхэд бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд цахим төлбөрийн баримтын системд үндэслэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлийг банкны эх үүсвэрээр олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нарт даалгалаа. 

Тогтоолын төсөл батлагдсанаар эргэн төлөлтийн уян хатан хуваарь, барьцаа хөрөнгийн таатай нөхцөл бүхий санхүүгийн эх үүсвэрүүдээр аж ахуйн нэгжүүд богино хугацаанд санхүүжиж, хаврын улиралд хүн амын махны хангамж тогтвортой байх, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн