Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 21-нээс зохион байгуулахаар болжээ.
ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэх жилдээ тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан өдөрлөгийг өдөр бүр зохион байгуулах юм.
Энэ үеэр хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асар ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглох аж.
“Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Түүнчлэн манай улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгодог билээ. 21 дэх удаагийн “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа долоо хоногийн турш үргэлжилнэ.
