Монгол, БНХАУ-ын орчин үеийн уран баримлын шилдэг төлөөллүүд нэг дор цуглаж, хоёр орны соёл урлагийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах “Сrossroads-A Meeting of Minds” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр боллоо.

Монголын урчуудын эвлэл,  Хятадын урлагийн бүтээл үйлдвэрлэлийн нэрт брэнд болох “Longyu Zaobanchu” (China Longyu Culture Communication Co., Ltd.) компанийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны шилдэг барималчид нэгдэн анхны үзэсгэлэнгээ дэлгэсэн нь энэ. Энэхүү үзэсгэлэнд Монголын 8, Хятадын 14 уран барималч өөрсдийн дахин давтагдашгүй соёл, түүх, арга барил болон орчин үеийн сэтгэлгээг тусгасан хүрэл, ган уран баримлуудыг олон нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хоёр орны шилдэг 22 уран барималчийн 22 шилмэл бүтээлийг дэлгэсэн гэсэн үг.

“Сrossroads-A Meeting of Minds”-аас дорнын болон нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээг орчин үеийн урлагийн хөгжилтэй хөл нийлүүлэн хэрхэн тодорхойлж байгааг харах боломжтой юм. Үзэсгэлэнд Монголоос урчуудын эвлэлийн шагналт, шилдэг уран барималч Р.Энхтайван болон МУЭ-ийн гишүүн Н.Оргил, Б.Лхагважав, Ж.Түвшинтөгс, Ж.Пүрэвсүрэн, Б.Ганбаатар, Ө.Бүрэнжаргал, О.Амар нар сонгон шалгаруулалтад тэнцсэнээр бүтээлээ олон нийтэд дэлгэн үзүүлж байна. Харин БНХАУ-аас Хятадын урлагийн академи, Лу Шюний нэрэмжит Дүрслэх урлагийн академийн барималчид шилдэг бүтээлээ олны хүртээл болголоо.

Үзэсгэлэнгийн талаар Хятадын “Луньюй” урлагийн баримал үйлдвэрлэлийн компанийн ерөнхий менежер Лю Чанчун хэлэхдээ, “Энэ сайхан үзэсгэлэнгийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Бүтээлүүд тусгасан гэрлүүдээс ямар их сэтгэл гаргасныг харж болно. Хоёр орны байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд гаргаж буй эхний үзэсгэлэн нь энэ. Өнөөдрийн үзэсгэлэн нь дараа дараагийн үйл ажиллагааны эхлэл боллоо. Үзэсгэлэнд оролцсон, нээлтэд хүрэлцсэн ирсэн бүх хүн маш их сэтгэл гаргаж, хүндэлж байгаа нь харагдлаа. Үзэсгэлэнд дэлгэсэн уран баримлууд бүгд өөрсдийн гэсэн илэрхийлэмжтэй байна” хэмээн ярив.

Харин МУЭ-ийн ерөнхийлөгч, зураач А.Сонинбаяр “Энэ бол зүгээр нэг хамтарсан үзэсгэлэн биш. Монгол, Хятадын уран барималчдын нэг жилийн өмнөөс нэгдэж, үзэл санаагаа гарган, бүтээлээс хийсний үндсэн дээр  Улаанбаатар хотод ийнхүү үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг ирэх онд БНХАУ-ын Бээжин хотод дэлгэхээр ажиллаж байгаа. Уран бүтээлчдээс сонгон шалгаруулж, шалгарсан бүтээлийг Хятадын үйлдвэрт цутгасан. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй энэ үзэсгэлэн уран бүтээлчдэд маш том боломж олгож байна” гэв.

Уран барималч Ө.Бүрэнжаргал “Үзэсгэлэнд бүтээл маань шалгарсанд баяртай байна. Хоёр жилийн өмнөөс л эхлүүлсэн ажил. Миний хувьд “Бүүвэй” нэртэй бүтээлээрээ оролцлоо. Эх хүний хайрыг илэрхийлсэн утгатай. Толь шиг хийсэн учраас ган материалтайгаа маш гоё зохицож байна. Мөн цагаан уул цэцгийг дүрсэлж өгснөөр эх хүний үүрд мөнх юм шүү гэдэг утгыг илэрхийлж байгаа юм. Нэг талд нь бүүвэйн дууны бадгийг монгол бичгээр бичсэн. 2019 оноос хойш цувралаар хэд хэдэн бүтээл хийлээ. Яг энэ “Бүүвэй” нэртэй бүтээлээ бага хүүхдээ төрүүлсний дараа санаагаа олсон. Өвөө, эмээгийн намайг бүүвэйлж өсгөсөн дууны үгийг бүтээлдээ шингээхийг зорилоо” хэмээсэн юм.

Хятадын ӨМӨЗО-ы уран барималч Мандуул бүтээлийнхээ талаар, “Хоёр орны уран барималчдын хамтарсан үзэсгэлэнд “Салхин хүлэг” бүтээлээрээ оролцож байна. Гал морин жилдээ гал шиг бадарч, дүрэлзэж явахыг бэлгэдсэн. Би моринд дуртай. Багаасаа л морин дэл дээр өссөн учраас энэ сэдвийг сонголоо. Бүтээлээ нэг сарын хугацаанд урлаж дуусгасан. Анх удаа Монголд ирж монголчуудад уран бүтээлээ үзүүлэх завшаан тохиолоо. Энэ боломжийг болгосонд талархал илэрхийлье” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.  

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Хятадын хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд урлагийн бүтээлийн өндөр зэрэглэлийн үйлдвэрлэлтэй холбон, соёлын өвийг уламжлуулах зорилготой бөгөөд Монголын уран барималчдын уран сэтгэмж, концепцийн нарийн хийцтэй металл баримал болгон бодит ажил хэрэг болгоход чухал үүрэг гүйцэтгэн, дэмжин ажиллаж буйн хэлбэр гэдгийг онцоллоо. Үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болох бөгөөд тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн гэрэл зургаас хүргэе. 

Гэрэл зургуудыг Г.Мөнх-Од

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн