Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн нийгмийн стрессийг даван туулах, чөлөөт цагаа зөв зохицуулах, гэр бүл, ажлын хамт олондоо эерэг нөлөө үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтыг сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ, Д.Одонтөгс нар санаачлан Чех Улсын томоохон есөн хотод зохион байгуулжээ. Чех Улсаас эхэлсэн энэхүү сургалт нь оролцогчдын талархлыг хүлээж, улмаар Австри, Герман, Нидерланд, Америк, Швед зэрэг улс руу хүрээгээ тэлсэн байна.
Энэ хүрээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сургагч багш Д.Одонтөгсийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сургагч багш Д.Одонтөгс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудад зориулсан “Амжилттай суралцах нь” сургалтын хөтөлбөрийг боловсруулж, бэлэн болгосноо танилцуулсан юм.
Тус хөтөлбөр нь оюутнуудын суралцах арга барилыг сайжруулах, цагийн менежментээ зөв зохицуулах, стрессээ удирдах, сэтгэл зүйн дархлаагаа дэмжихэд чиглэсэн агуулгатай аж.
